Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх завь болон хөдөлгөөнт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдынхаа түр амрах, ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хөдөлгөөнт байрыг Баянзүрхийн гүүр, Сонсголонгийн гүүрний ойролцоо байрлууллаа.
Нийслэлийн иргэдийг голын усны ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамтарсан бүрэлдэхүүн өдөр бүр завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байна.
Мөн Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид хуваарийн дагуу хөдөлгөөнт эргүүлийн үүргийг гүйцэтгэн, голын эрэг дагуу аялж амарч байгаа иргэдэд гол, усны ослоос сэргийлэх сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Эргүүл хяналтаар үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш давхардсан тоогоор 418 алба хаагч, дүүргүүдийн цагдаагийн 23 алба хаагч, 72 автомашин, 44 завьтай үүрэг гүйцэтгэж голын усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг яриаг 9519 иргэнд хүргэн, /том хүн-6657,хүүхэд-2977/, ногоон бүсээс 1032 автомашин холдуулж, 5167 тараах материал тарааж, голд суусан 12 автомашиныг татан гаргасан.
Голын усанд живсэн 1 иргэнд яаралтай тусламж үзүүлэн амилуулж, 4 удаагийн дуудлагаар 6 иргэний амь насыг аварч, осолдсон 1 том хүний цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч, 1 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Ослын нөхцөл байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2022 онд 12 том хүн, 6 хүүхэд, 2023 оны 07 сарын 20-ны өдрийн байдлаар 2 том хүн, 1 хүүхэд осолдсон байгаа нь дуудлага мэдээлэл, усны осол 6 дахин буурсан дүнтэй байна.