Говьсүмбэр, Дорноговь аймгийн нутгаар олон хоног үргэлжлэн орсон усархаг борооны улмаас төмөр зам нийтдээ 10 газар угаагдаж, тус хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг 2023 оны долоодугаар сарын 13-ны өдрийн 11:30 минутын орчмоос хязгаарлаж, замыг сэргээн засах ажлыг эхлүүлсэн.
"Байгалийн давагдашгүй хүчний улмаас төмөр зам олон газар зэрэг угаагдсан нь төмөр замчдад асар их хүндрэл учруулсан ч уг хүндрэл бэрхшээлийг өндөр зохион байгуулалт, мэргэжлийн ур чадвараар давж, үерт угаагдсан замыг богино хугацаанд засаж, галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн нээлээ. Үерт угаагдсан Агуйт - Наран-Элгэн хоорондын замыг долоодугаар сарын 14-ний өдрийн 18 цагт, 39-41 дүгээр зөрлөг болон 41-Өргөн өртөө хоорондын замыг долоодугаар сарын 15-ны өдрийн 12 цагт сэргээн засаж дууссанаар галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн нээгээд байна.
Одоо Улаанбаатар-Сайншанд-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 286, 285-р галт тэрэг, Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 276, 275-р галт тэргүүд цагийн хуваарийн дагуу хэвийн аялж байна. Мөн ачаа тээврийн галт тэрэг саадгүй аялж байна. Төмөр замыг сэргээн засах ажилд 370 шахам төмөр замчид оролцсоноос гадна аймаг орон нутаг, зарим компанийн зүгээс машин техник, шаардлагатай зүйлээр тусаллаа" гэж УБТЗ ХНН-ээс мэдээллээ.