Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла-д бараалхав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Энэтхэгийн Парламентын даргын айлчлалд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч буйг тэмдэглээд энэхүү айлчлал нь Монгол, Энэтхэгийн “Стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.
Манай гуравдагч хөрш, “оюун санааны хөрш” Энэтхэг Улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлж, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг бөгөөд хоёр орны хоорондын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг үлэмж нэмэгдүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов. Тэрбээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Энэтхэгийн талтай төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх боломжтойг дурдав.
Түүнчлэн Монгол Улсаас хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах хүрээнд “Монгол-Энэтхэгийн сүүний хөгжлийн хөтөлбөр”-ийг байгуулах, ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарыг Энэтхэг Улсад мэргэжил дээшлүүлэх, шинжлэх ухаан, инновацын хамтарсан судалгаа хийх болон соёл, урлагийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв.
Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд онцгойлон анхаарч буйгаа талууд тэмдэглээд энэхүү үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр цаашид нягт хамтран ажиллахын төлөө байгаагаа нотлов.
Лок Сабха-гийн дарга Ом Бирла Монгол оронд төлөөлөгчдийнхөө хамт айлчилж буйдаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж УИХ-ын хаврын чуулганаар хийгдсэн Үндсэн хуулийн өөрчлөлт, батлагдсан томоохон хуулиуд, Ерөнхий сайдын авлигын эсрэг хийж буй тэмцэл зэрэг нь ардчилсан Монгол Улсын ирээдүйн хөгжилд чухал хувь нэмэр оруулахаас гадна хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргахад чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээв. Энэтхэг Улсын Парламентын зүгээс Монгол, Энэтхэгийн “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бүхий л чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэх, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлж, аюулгүй байдал, батлан хамгаалах, боловсролын салбар дахь уламжлалт харилцааг эдийн засаг, уул уурхай, хөдөө аж ахуй, эрүүл мэнд зэрэг салбарт өргөжүүлэх бүрэн боломжтойг тэмдэглэв.