Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдөр товлолоо.
Хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг албан ёсоор тайлбарлах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 40.8 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг албан ёсоор тайлбарлах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг (16.4)-ийг албан ёсоор тайлбарлах тухай тогтоолын төслүүдийг тус тус хэлэлцэнэ.
Шүүх хуралдааны дэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үйлдэлд хариуцлага хүлээлгэх журмын талаар албан ёсны тайлбар гаргах тухай Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны саналыг хэлэлцэж, зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэх юм.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг батлах, тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д заасан Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ.
Иргэний зориг ногоон намын дүрэм, даргын өөрчлөлтийг бүртгүүлэх, Монголын либерал намын нэрийн өөрчлөлтийг бүртгүүлэх, Иргэний хөдөлгөөний намын дарга болон хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэх, Монголын Либерал Ардчилсан намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдлүүдийг тус тус хэлэлцэхээр товложээ.
Мөн Шүүгчдийн зөвлөгөөнөөр Улсын дээд шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг сугалаагаар томилох журамд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ.