Баянзүрх дүүргийн VII хороонд Дүүргийн төсвөөр долоо, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар гурав, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нэг, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр ажил тус тус хийгдэнэ. Тухайн ажлын байршил болон ерөнхий мэдээллийг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр хорооны иргэдэд танилцуулж, зарим тохижилт бүтээн байгуулалтын ажил дээр санал авлаа.
Энэ үеэр 58 байрны зүүн талд авто зогсоол байгуулах, тухайн байршлаас 115 дугаар байр хүртэл авто зам хийх саналыг иргэд дэмжлээ. Мөн бусад ажлыг хийхдээ нэн тэргүүнд оршин суугчдын саналыг хүлээн авч, тусгах хэрэгтэйг хорооны засаг даргад хэлсэн юм.
Мөн Баянзүрх дүүргийн VII хороонд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдан борлуулдаг аж ахуй нэгжүүд олон байдаг. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд ил задгай бие засах, оршин суугчдын тав тухыг алдагдуулах зэрэг олон асуудал гаргадаг. Иймд дээрх асуудлыг шийдэж өгөхийг хүссэн бөгөөд иргэдээс ирүүлж буй санал хүсэлтүүдийг хүлээн авч, цаашид тодорхой ажил зохион байгуулах аж. Түүнчлэн удахгүй хийгдэж эхлэх тохижилт, бүтээн байгуулалтын ажил дээр санал авч, тусгаж ажиллана гэдгийг хэллээ.