УИХ-ын энэ долоо хоногийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт болсон анхны хэлэлцүүлгээр холимог системээр явагдах сонгуульд нэр дэвшигчдийн жендерийн квотыг 40 хувьд хүргэх агуулга дэмжигдсэн юм. Гэвч өчигдөр МАН-ын бүлгээс буцаад 30 хувь болгох шийдвэр гаргасан юм.
Харин үүнийг эсэргүүцэж эмэгтэйчүүд мэдээлэл хийлээ.
Судлаач Х.Номингэрэл "Өмнө нь 20 хувийн квот тогтоож ирсэн намууд эмэгтэй нэр дэвшигчдийг 20 хувьд барьж дэвшүүлнэ гэж хязгаарлаж ирсэн нь улс төрийн намууд эмэгтэйчүүдийн боломжийг хааж байгаа нэг хэлбэр юм. Сүүлийн 2 удаагийн парламентад 20 хувьд нэр дэвшүүлэхэд 17.1 хувь нь сонгогдсон байгаагаас харж болно. Энд нэг л суудал дутуу орж ирсэн гэсэн үг. Гэсэн ч парламентад цөөнх учраас шийдвэр гаргах түвшинд хүчгүйддэг болох нь тод харагдаж байгаа. Мөн 2020 оны сонгуульд 10 орчим тойрогт эмэгтэй хүн дэвшээгүй. Үүнээс харахаар тойрог дээр улс төрийн намууд эмэгтэй нэр дэвшигчдийг сонгох боломжийг олгодоггүй. Олон улсын судалгаанаас харвал улс төр дахь эмэгтэйчүүдийн оролцоо дэлхийн дунджаас 7.6 хувиар бага байгаа юм" хэмээсэн байдаг.