БГД-ийн 24 хорооны оршин суугчид өнөөдөр "Тайгам Алтай" ХХК-ийн үйл ажиллагаатай холбогдуулан эсэргүүцлээ илэрхийлж жагслаа. Тодруулбал, тус хороо нь 2022 онд 1200 айлын Коёо таун хотхон, Алтай хотхоны 4 дүгээр ээлжийн 720 айлын 4 байр, Фоур сийзен хотхоны 256 айлын 4 байр ашиглалтад орсноор хүн амын тоо өсөж, 16 мянга гаруй оршин суугчтай болжээ. Үүнээс сургуулийн насны 3 мянга гаруй хүүхэд бүртгэлтэй байгаа юм. Алтай хотхоны байрууд анхны байрууд ашиглалтад орсноос хойш одоог хүртэл улсын сургуульгүй, сургууль барих газаргүй явж иржээ. Энэ байдлаас шалтгаалан оршин суугчдын хүүхдүүд гүүр давж 73, 141 дүгээр сургуулиудад суралцаж байгаа бөгөөд энэ нь бага насны хүүхдүүдэд ихээхэн эрсдлийг дагуулж, хүүхдийн сурч боловсрох эрхтэй холбоотой асуудал хөндөгдөж буй талаар оршин суугчид хэлж буй юм. Гэтэл тус хотхонд улсын төсвөөр 640 хүүхдийн суудалтай сургууль барих төсөв батлагдсан боловч газаргүйгээс асуудал түгжигдээд байгаа юм.
Харин "Тайгам Алтай" ХХК тус хотхоны сургууль барих боломжтой хэсэгт орон сууцны барилга барьж байгаагаас Алтай хотхоны 3 мянга гаруй хүүхдийн сурах эрх зөрчигдөж байгаа тул ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж иргэд жагссан юм. 10 гаруй жил харьяаллын сургуульгүй явж ирсэн Алтай хотхоны оршин суугчид сургууль барих талбайг чөлөөлөхийг "Тайгам Алтай" ХХК-иас шаардлаа.
Өнөөдөр тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Ганхуяг газар дээр нь гурав дахь удаагаа ажилласан юм. Түүний зүгээс тус компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэж, 3 мянга орчим хүүхдийн сурах эрх зөрчигдөж буй асуудалд арга хэмжээ авч ажиллана гэдгээ илэрхийлж, компаниудын удирдлагуудтай дахин уулзана гэдгээ хэлсэн юм.
ШУУД ҮЗЭХ:
ФОТО: