Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Булгантуяа: Төр эмэгтэйчүүдээс хөдөлмөр, татварыг нь ялгалгүй авдаг атлаа микрофонд үг хэлэх эрхийг нь квотоор хязгаарлаж болохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
14 минут 8 секунд
Caption

Сонгуулийн хуулийн төсөлд нэр дэвшигчдийн жендэрийн квотыг 30 хувь болгох заалтыг тусгаад буй юм. Судлаачид болоод, УИХ-ын эмэгтэй гишүүдийн хувьд квотыг 40 хувьд хүргэж, сонгогдох магадлалыг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Уг санал УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар унаж, хуулийн төсөлд заасанчлан 30 хувьд барих агуулгыг гишүүдийн олонх дэмжсэн билээ. Тэгвэл энэ асуудлаар бид УИХ-ын гишүүн ХНХ-ын сайд Х.Булгантуяатай ярилцлаа.

"Квотыг 40 хувьд хүргэх асуудал амаргүй замыг туулах байх"

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэхтэй уялдуулан жендэрийн тэнцвэртэй байдлыг хангах нь чухал гэж судлаачид үзэж байна. Хуулийн төсөлд нэр дэвшүүлэх квотыг 30 хувь гэж заасан нь хангалтгүй буюу 40 хувьд хүргэж байж нийт суудлын ердөө 20 гаруй хувийг эзлэх боломжтой гэж үзэж байгаа. Та үүнд ямар байр суурь илэрхийлэх вэ?

2012 оны сонгуулийн хуулиас авхуулаад жендэрийн квот яригдаж эхэлсэн байдаг. Ингэхдээ 20 хувьд байхаар сүүлийн 10 жил хязгаарлаж ирсэн. Энэ нь орон нутагт ч, УИХ-д адилхан квоттой явж ирсэн гэсэн үг. НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд Монгол улс 2030 он гэхэд эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоог 40 хувьд хүргэнэ гэсэн амлалтыг өгсөн. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийн оролцоог нийгмийн бүхий л салбарт төр засаг бодлогоороо дэмжинэ гэж ярьж ирсэн.

Энэ бол хэдэн эмэгтэйчүүд УИХ-д сонгогдох, сонгогдохгүй байх тухай асуудал биш. Эмэгтэйчүүд нийгмийнхээ асуудлыг шийдвэрлэхэд дуу хоолойгоо хүргэж чадаж байна уу, үгүй юу. Эмэгтэйчүүд тухайн нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөж чадаж байна уу, үгүй юу гэдэг тоон мэдээллийг ялангуяа олон улсад их анхаарч авч үздэг юм байна. Нэг бодлоор эмэгтэйчүүдийн нийгэмдээ үнэлэгдэж буй үнэлэмж гэж олон улсад үздэг юм билээ. Тиймээс энэ бол зөв санаачилга гэж бодож байна.

Мэдээж хууль батлагдтал цааш олон процесс явна. Сая УИХ дээр бол тухайн байнгын хороонд дэмжигдээгүй орж ирсэн саналыг зарим гишүүд гаргаж тавьсан. Энэ санаачилга нь анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн хэрэг. Дахиад л энэ санал байнгын хороо руу буцна. Ингээд батлагдтал нэлээд ажил болох байх. УИХ-ын гишүүдийн ихэнх нь эрэгтэйчүүд байгаа. Тиймээс квотыг 40 хувь болгох санал амаргүй замыг туулах байх.

-Нийгэмд эмэгтэй гишүүд гэхээс илүү хүйсийн зохистой харьцааг парламентад баримтлах шаардлагатай гэж харж байна. Гэтэл улс төрийн хүрээнд ялангуяа эсрэг саналтай байгаа гишүүдийн хувьд сайн бэлтгэгдсэн эмэгтэй боловсон хүчин байхгүй гэдэг зүйл яриад эхэллээ. Үүнийг та юу гэж харж байна?

-Эмэгтэйчүүд маань юу хүсээд байна вэ гэхээр улстөрч болохоос илүү хүүхдэд, иргэндээ ээлтэй нийгмийг л бий болгож өгөөсэй гэж дуугарч байна. Үүнээс биш 1992 оноос хойш найман удаагийн парламентад 600 гаруй улстөрчид "төрөн" гарсан байна. Гэтэл үүний 40-50 нь л эмэгтэйчүүд байсан байна. Эмэгтэйчүүд амбицлахаасаа илүү ирээдүйдээ санаа зовохооргүй нийгмийг л бий болгохын төлөө дуу хоолойгоо хүргэмээр байна гэж энэ асуудлыг дэвшүүлж тавьсан даа.

1992 оны сонгуулиас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хийсэн судалгааг харахад эмэгтэй УИХ-ын гишүүдийн тоо маш бага байсан. Хувьчилж үзвэл 5.3-17.1 хувийн өсөлттэй гарсан нь сүүлийн 30 жилд маш хангалтгүй үнэлгээ гэдэг нь харагдаж буй.

"Парламент бол жирийн ард түмний төлөөлөл байх ёстой"

- Яагаад улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд төдийлөн сайн хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй байна вэ?

-Улс төрийн хүрээнд эмэгтэйчүүдийн асуудал яригдах болохоор л боловсон хүчин байхгүй гэж няцаадаг. Миний хувьд үүнтэй санал нийлдэггүй. Парламент бол зүгээр л жирийн ард түмний төлөөлөл байх ёстой. Дандаа мундаг улстөрчид байх албагүй. Тэгвэл эрүүл мэндийн салбарт дийлэнх нь эмэгтэйчүүд л байна шүү дээ. Дээд боловсрол эзэмшиж байгаа байдлыг харвал ихэнх нь л эмэгтэйчүүд байна.

ЖДҮ-ийн салбарт ч мөн ихэнх нь эмэгтэйчүүд. Эдгээр салбарт эмэгтэйчүүдийн оролцоог хангаад татварыг нь авч, нийгмийн даатгалын шимтгэлийг нь тасралтгүй төлүүлж, улс эх оронд хүчийг нь үзүүлж, сэтгэлийг нь авах болохоор авчхаад тэгээд яг бодлого ярих болохоороо та нар чадахгүй гэж болохгүй шүү дээ. Мэдээж биеийн хүчний хувьд эрэгтэйчүүдтэй зэрэгцээд хийж чадахгүй ажлууд зөндөө бий. Гэхдээ дэлхий даяараа эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдтэйгээ хамтраад улс орноо хөгжүүлье гээд бодлого гаргаад дэмжээд явж байгаа орнууд нь илүү их хөгжсөн харагдаж байгаа. Тиймээс энэ чиг хандлагыг бид яагаад дагаж болохгүй гэж.

-Улс төрийн хүрээнээс бусад хэсгүүдэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал хэрхэн буурсан байгаа вэ?

-Монгол Улс цөөн хүн амтай хэдий ч сүүлийн хэдэн жилийн турш харамсмаар тоон судалгаа гарч байна. Тухайлбал, сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт 10 гаруй хувиар буурчихлаа. Эмэгтэйчүүд маань хөдөлмөрийн насанд байгаа мөртлөө янз бүрийн шалтгаанаар хүүхдүүддээ боловсрол эзэмшүүлж чадахгүй байна. Тогтвортой ажлын байраар хангагдаж чадахгүй байна.

Нэн ялангуяа ээжүүд, охид, хүүхдүүдэд ээлтэй нийгэм бий болж чадахгүй байна. Хүүхдээ төрүүлээд амралттай байх хойгуур байгууллагууд хөдөлмөрийн хуулиа зөрчөөд орон тоо дээр нь хүн авчихдаг. Ингээд эргэж ажилдаа орж чаддаггүй зэрэг олон асуудал үүсэж байгааг судалгааны дүнгүүд харуулдаг. Тиймээс ажил хөдөлмөр эрхлэх эмэгтэйчүүдийн тоо эрс багасаж байна.

Монгол Улсын цөөхөн хүн ам дотор эмэгтэйчүүд хэрвээ хойшоо суух юм бол хөгжил төдий чинээгээр саарна гэсэн үг. Хоёрдугаарт эмэгтэйчүүдийн маань нийгмийн баталгаа хангагдахгүй. Ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байснаар нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөхгүй. Хүүхдийг нь гурван нас хүртэл улсаас НДШ-ийг нь төлж байгаа. Гэтэл түүнээс цааш хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа эмэгтэйчүүд олон байна. Орлогогүй байна гэдгийн цаана амьдралын баталгаа нь хангагдахгүй буюу цаашлаад ядууралд өртөнө. Тэтгэвэрт гарахдаа хамгийн бага дүнгээр тогтоолгоод тэр нь амьжиргаанд нь хүрэлцэхгүй болно гэсэн үг. Энэ мэт эмэгтэйчүүдэд олон асуудлууд ундарч гарч ирдэг нийгэм болчихлоо.

Эмэгтэйчүүдийн оролцоо хэдийгээр нийгэмд байгаа ч дээшээ шат ахих гэхээр боломж олгодоггүй байдалтай байгаа нь харагдаж байна.

"УИХ “од” хүмүүсийн цуглуулга байх албагүй"

-МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, жендэрийн квотыг хуулийн төсөлд тусгаснаар 30 хувьд барих нь зүйтэй гэсэн саналыг дэмжиж шийдвэрээ гаргалаа. 40 хувийн квотыг эсэргүүцэж байгаа гишүүд боловсон хүчин байхгүй гэж ярьж эхэллээ. Таны хувьд үүнийг юу гэж харж байгаа вэ? Цаашид эмэгтэй гишүүдээрээ квотыг нэмэгдүүлэх талд байр сууриа хадгалж, шаардаж чадах уу?

-УИХ “од” хүмүүсийн цуглуулга байх албагүй шүү дээ. Жирийн ард түмний төлөөллийг олон болгоно гэж л тоог нэмж байна гэж ойлгож байгаа. УИХ-д салбар бүрийн төлөөлөл байх ёстой. Эмч хүн сонгогдоход бусад салбарын асуудлыг ярьдаггүй юм гэхэд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын асуудлыг хэдэн учир мэдэхгүй улстөрчид тодорхойлдог биш жинхэнэ мэргэжлийн хүмүүс нь тодорхойлдог болох нь чухал. Боловсролын салбар гэхэд эцэг эх, багш нарын төлөөлөл байх ёстой. ЖДҮ-ийн бизнесийг хэн нэгэн попорч ярьдаг биш яг тухайн салбарын хүн л ярих ёстой. Тэр хүмүүст өнөөдөр тодроод од болох гэсэн ч цаг зав нь байхгүй байх. Парламентын чадавхыг сайжруулъя гэвэл салбар бүрийн төлөөллийг чөлөөтэй оруулах нь л чухал.

Эмэгтэйчүүдийн хүчийг нь барж, татварыг нь авч байгаа бол микрофон дээр үгээ хэлэх индрийг нь олгохыг л хүсээд байгаа шүү дээ. Гэтэл яагаад үг хэлэх, тэгш эрхээ эдэлье гэхээр квот тогтоочихдог юм. Гэсэн атал ажил хөдөлмөр эрхлэх, албан татварыг нь авах болохоороо ялгаваргүй хандаад байдаг нь хачирхалтай. Ийм л асуудлыг эмэгтэйчүүд өнөөдөр ярьж байгаа. Тиймээс квотыг 40 хувьд хүргэх ёстой гэсэн санал дээрээ бат зогсож байгаа гэж хэлж болно.

"Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн дуу хоолой заавал хүрч, дуугарах ёстой"

-Та МАН-ын дэргэдэх СДМЭХ-ны ерөнхийлөгч. Танай холбоо эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ. Ажиллах чадвартай боловсон хүчин хэр байна?

- СДМЭХ үндсэн гурван зорилготой. Нэгдүгээрт намын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбоо учраас намын бодлого шийдвэрт эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүргэх, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, Монголын эмэгтэйчүүдийн дуу хоолойг Олон Улсын байгууллагуудад хүргэж, хамтарч ажиллах зорилготой. Тухайлбал, эмэгтэйчүүд улс төрд тийм ч их идэвхтэй биш. Одоогийн 76 гишүүний 13 нь эмэгтэй гишүүд бөгөөд энэ нь нийт гишүүдийн ердөө 17 хувийг эзэлж байна

Сүүлийн хоёр удаагийн парламентын бараг түүхэн дээд амжилт энэ байх. Гэвч энэ нь дэлхийн дунджаас хамаагүй бага. Азийн дунджаас ч гэсэн бага. Тиймээс эмэгтэйчүүдээ системтэйгээр сайн бэлтгэгдэхгүй бол тэд улс төрд оръё гэж зориглодоггүй. Улс төрд байгаа эмэгтэй гишүүд бид хүртэл хэцүү ажил гэж эмээж явдаг. Эмэгтэй хүнд битгий хэл эрэгтэй хүнд хүртэл амаргүй ажил гэж хойшоо суух гээд байдаг тал бий. Монгол Улсын хүн амын 51 хувийг бүрдүүлж байгаа эмэгтэйчүүд заавал том улстөрч болох албагүй. Гэхдээ улс төрийн шийдвэр гаргах түвшинд тэдний дуу хоолой заавал хүрч байх ёстой.

"Дотроос мандат авах, мөнгөний фактуудаас авахуулаад эмэгтэйчүүд нэр дэвшихэд хүндрэл их бий"

-Та Нийслэлийн БЗД-ээс сонгогдсон гишүүний хувьд, тойрогт эмэгтэйчүүд нэр дэвшихийн хүндрэлтэй тал нь юу байдгыг сайн мэдэх байх. Сонгуулийг цаашид холимог тогтолцоогоор явуулахаар болж байна. Жагсаалтаар нэр дэвшүүлэхээс гадна тойргууд дээр эмэгтэй нэр дэвшигчид сонгогдох магадлал маш муу байдаг талаар судлаачид хэлдэг шүү дээ?

-Үнэхээр амаргүй даваа. Бид парламентын суудлын 50 хувийг ч юм уу авъя гэж яриагүй. Зүгээр л нэр дэвших эрхийн 40 хувийг аваад нийгмийн 50 гаруй хувийн төлөөллийг бий болгоё гэсэн хүсэлтийг л тавьж байгаа. Мэдээж нэр дэвших мандат авлаа гээд сонгуульд ялаад гарч ирнэ гэж бодохгүй байгаа. Нэр дэвших боломж их байвал тэр хэрээр сонгогдох магадлал өндөр болно л гэж харж байгаа юм. Нөгөө талаас сонгогчид маань эмэгтэйчүүд гэж харахаас илүү салбарын төлөөлөл гэдэг агуулгаар нь харж сонгоосой гэж хүсэж байна.

Эмэгтэй нэр дэвшигчдийн хувьд бэрхшээл бий. Дотроосоо мандат авна гэдэг хэцүү. Мандат авлаа гэхэд амаргүй тойрог дээр ноогдчихно. Дээр нь “мөнгөний фактууд” байна. Ихэнх эмэгтэйчүүд маань эрэгтэйчүүд шиг мөнгөтэй байна гэж байхгүй шүү дээ. Магадгүй 10 жилийн дараа жендэр гэж ярихгүйгээр л УИХ-д сонгогдох эрх нь хангагдах л ёстой.

-Ярилцсанд баярлалаа

Б.Мягмарсүрэн

БАЙР СУУРЬ: Скүүтер хэрэглэснээр автомашинтай замын хөдөлгөөнд оролцох цагийг 2 дахин хэмнэж байна
БАЙР СУУРЬ: Скүүтер хэрэглэснээр автомашинтай замын хөдөлгөөнд оролцох цагийг 2 дахин хэмнэж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.