Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Элбэгдорж: Бүү санаа зов. Миний нэр намын жагсаалтад ч, нэр дэвшилтэд ч байхгүй байх болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 17 секунд

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Дэлхий ба сорилт, боломж" сургалт лекцийг өчигдөр /2023.06.08/ зохион байгуулсан юм. Энэ үеэр тэрбээр Монголын онцлог, асуудал шийдэл, яаж урагшлах, Хятад, Орос, бүс нутгийн асуудал, технологи ба ирээдүй зэрэг сэдвүүдийн хүрээнд ярилцав. Түүнд "хаяглагдсан" олон асуултуудад тэрбээр хариулт өгсөн бөгөөд энэ дунд улс төрийн хүрээнд халуун дээрээ байгаа асуудлууд ч багтсан байсан юм.

-Улс төрд орохгүйгээр Монгол Улсдаа хувь нэмэр оруулах боломж надад байгаа-

Тухайлбал, Үндсэн хуулийн өөрчлөлтийг арав гаруй хоногийн өмнө УИХ эцэслэн баталж, өнгөрөгч Даваа гарагт Ерөнхийлөгч ёсчилсон билээ. Ингэхдээ УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, гишүүдийн 78-ыг тойргоос, 48-ыг жагсаалтаар сонгох заалтыг оруулсан байдаг. Үүнтэй холбогдуулан намын жагсаалтад ямар улс төрчид багтаж орж ирэх вэ гэдэг ч анхаарал татаж буй. Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ирэх сонгуульд өрсөлдөх магадгүй аль нэг намын жагсаалтад бий юу гэдэг асуулт бий.

Харин энэ асуултад тэрбээр "Битгий санаа зов. Миний нэр намын жагсаалтад ч байхгүй. Нэр дэвшилтэд ч байхгүй байх болно. Яг үнэндээ улс төрд орохгүйгээр Монгол Улсдаа хувь нэмэр оруулах боломж надад байгаа. Тиймээс энэ асуудалд бүү санаа зов. Миний баримталж буй зарчим бол "Чамд хийж амжаагүй зүйл байгаа бол түүнийг хойч үе чинь хийнэ" юм. Өөрт маань хэдэн мянган ажил байна. Хэдэн мянган урилга байна. Ганц эрх чөлөө нь сонгох эрх чөлөө байгаа учраас сайхан санагдаж байгаа" гэсэн юм.

-Ус тос нь ялгараад ирэхийн цагтаа гэж..-

ҮХӨ-ийн бас нэгэн чухал өөрчлөлт бол гишүүдийн тоог нэмэгдүүлж 126 болгосон өөрчлөлт билээ. Тэгвэл энэ чиглэлд тэрбээр ярихдаа "Ус тос нь ялгараад ирэхийн цагтаа гэж үг бий. 76 байсныгаа 126 болгож байгаа гэсэн биз дээ. 2024 оны зургаадугаар сараас хойш цаашлаад тангарагаа өргөөд суух үед нь харах хэрэгтэй. Ямар хүмүүс орж ирэв, 2025 онд тэд нар маань ямархуу хууль батлах нь уу, 2026 онд Монголын улс төр хэрхэн өөрчлөгдөх нь вэ. Тэр үед л бүх зүйл харагдаад ирнэ" гэж байсан юм.

-Улс төрийн намыг УДШ бүртгэдэг байдлыг болих хэрэгтэй. СЕХ-ноос улс төрийн намын нийтлэг дүрэм журмыг баталж өгдөг байх нь зөв-

ҮХӨ-ийн ард гарлаа. Харин одоо Сонгуулийн тухай хууль болон Ерөнхийлөгчөөс өргөн барьсан "Улс төрийн намын тухай хууль"-ийн ард гарах үлдээд байна. Тэгвэл Ц.Элбэгдорж тус сургалт лекцийн үеэр улс төрийн намын тухай ярихдаа "Улс төрийн нам дээр цоо шинэ хууль гаргах хэрэгтэй. Хуулийн төсөл нь бэлэн байгаа. Би хувьдаа энэ асуудлыг судалж байгаа. Надад нэмэх олон санаанууд ч байна. Улс төрийг намыг УДШ баталдаг байдлыг болих хэрэгтэй. Бүртгэлийн байгууллага аль эсвэл СЕХ баталдаг байх нь зөв. Хууль баталдаг байхаас гадна СЕХ-ноос улс төрийн намын нийтлэг дүрэм журмыг баталж өгдөг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол шинээр гарсан дарга бүр өөртөө тааруулж дүрэм журмаа баталдаг юм. Түүнээсээ болж дотооддоо муудалцдаг. Улс төрийн нам гишүүдийнхээ ёс зүйн асуудал, улс орноо хэрхэн хөгжүүлэх вэ, үзэл баримтлал, шийдлээ хэлэлцдэг байхад болно. Улс төрийн намтай холбоотой эдгээр асуудлыг шийдвэрлэх нэг гарц нь иргэдийн улс төрийн эрхийн тухай хууль байгаа юм. Энэ хуулийг би санаачилж, байнгын хороо дээр дэмжлэг авсан боловч УИХ-аар хэлэлцүүлэхэд унасан. Тэр хуулийг батлах юм бол хэлэлцэж буй хуулийн төслийг иргэд дэвшүүлэх боломж бүрдэнэ. Дэвшүүлж хэлэлцэх явж байгаад УИХ-ын гурван гишүүн тус хуульд гарын үсэг зурвал УИХ-ын чуулганаар авч хэлэлцэх болчих юм. Одоогийнх шиг аль нэг намын дарга, Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг УИХ хэлэлцдэг биш иргэний дэвшүүлсэн асуудлыг авч хэлэлцдэг болох байсан гэсэн үг" гэх байр суурийг илэрхийлсэн юм.

Т.Доржханд: Эрэгтэйчүүд нь манлайлаад 40 хувь гэдэг шийдвэрийнхээ ард гараарай
Т.Доржханд: Эрэгтэйчүүд нь манлайлаад 40 хувь гэдэг шийдвэрийнхээ ард гараарай
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.