Франц улсын шоронд эхнэрээ хүчирхийлсэн хэргээр хоригдож буй иргэн Г.Ган-Очир өнөөдөр утсаар шууд холбогдож мэдээлэл өгсөн. Энэ үеэрээ "Хууль зүйн сайд Х.Нямбаатар намайг зургаадугаар сарын 25-нд гарна гэж мэдээлэл хийх үеэрээ хэлсэн. Францын талаас одоохондоо танай улсаас хариу ирээгүй байна гэсэн. Х.Нямбаатар сайд миний хэзээ гарахыг мэдэж байгаа.
Надад өдөр болгон эм, тариа хийж байгаа. Тариа нь өндөр тунтай хар тамхитай тариа. Шинжилгээ өгөхөд миний биеэс хар тамхи илэрсэн. Эм нь сэтгэц, тархины үйл ажиллагаанд нөлөөлөх эм. Би ууж байгаа юм шиг жүжиглэдэг. Хэрвээ эм уухгүй гэвэл тариа тарина гэдэг" гэсэн юм.
Харин уг асуудалд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тайлбар өглөө. Тэрбээр "Иргэн Г.Ган-Очирын талаар хэлэх үг олдохгүй байна. Би Франц улсын хууль сахиулах байгууллага битгий хэл, францчуудад ч нөлөөлж чадахгүй. Эрх зүйт төр төлөвшсөн газар улстөржсөн мэдээлэл хийж байна.
Энэ хүн гэртээ байгаа хүмүүсийг гаднаас нь шатаах гэж завдаад оргон зайлсан хүн шүү дээ. Энэ хүн ирж шалгагдах ёстой. Энэ бол бусдыг гэр бүлээр нь санаатай алахыг завдсан үйлдэл. Өөр олон үйлдэл бий.
Европын улс руу орохдоо хил зөрчиж орсон. Мөн Монголчуудын шинэ жилийн үдэшлэгийн үеэр гэр бүлийн хүнээ зодож, хүчирхийлэл үйлдсэн хэргээр Франц улс хуулийн хариуцлага хүлээлгэсэн гэсэн мэдээлэл байгаа. Бидний зүгээс Монголд үйлдсэн гэмт хэргийг шалгах ёстой тул энэ хүнийг шилжүүлж өгөөрэй гэдэг бичгээ өгсөн байгаа.
Ер нь энэ хүн газар гишгэж, гал үлээхээс бусад нь худлаа" гэлээ.