Б.Идэр-Одыг Эрүүгийн цагдаагийн газраас Олон Улсын эрүүгийн цагдаагийн байгууллага болох интерполоор эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаад байгаа талаар бид мэдээлсэн. Харин Б.Идэр-Од нь өнгөрсөн хоёрдугаар сард Австрали улсаас АНУ руу явсан гэх мэдээлэл байгаа гэж ЭЦА-наас мэдээлсэн юм.
Эрүүгийн Цагдаагийн Газрын дарга, хурандаа Т.Сүхболд "Санхүүгийн зохицуулах хорооноос 26 койныг эрсдэлтэй гэж үзсэн. Үүнийг гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан. Үүнээс хоёр койны асуудлыг гэмт хэргийн үндэслэл бүхий нотлох баримттай байна гэж үзэн яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад гаргасан.
Хоёр койнд холбогдох гэмт хэрэг нь анхдагч зах зээлээс мөнгө цуглуулаад хоёрдогч зах зээл рүү буюу токен болгож гаргалгүйгээр иргэдэд тарааж өгсөн. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож, гэмт хэргийн үндэслэлгүй гэж үзээд хааж шийдвэрлэсэн. Үлдсэн 22 койны иргэдтэй холбоотой хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Комедиан Б.Идэр-Одыг Интерполын хөх буланд эрэн сурвалжилж байгаа. Шалгах шаардлагатай зүйл бий. Хөх булан гэдэг нь хаа байгаа газрынх нь хаягийг тогтоох зорилготой. Түүнийг койны хэргээр шалгаж байгаа" гэв.
Ташрамд сануулахад, өнгөрсөн оны нэгдүгээр сарын сүүлчээс хойш цагдаагийн байгууллагаас "Их Бит" ХХК-ийн “IHC” койныг анхдагч зах зээлд гарган хөрөнгө татан төвлөрүүлсэн хэрэгт Б.Идэр-Од болон түүний хамтрагч нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг.
IHC койны хэрэгт шалгагдаж буй Б.Идэр-Од хувьцаагаа жилийн өмнө шилжүүлж, нэг сарын дараа Австрали руу явсан гэх өмнөх мэдээллийг энд дарж унших боломжтой.