УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХӨ-ийн хуулийн төслийг эцэслэн баталсан бөгөөд үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн баталлаа.
Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасны дагуу Улсын Их Хурлын дарга саналын томъёоллыг танилцуулахад Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Ганбат нар саналын томьёололтой холбогдуулан асуулт асууж байр сууриа илэрхийллээ.
Дараа нь Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний 63 нь буюу 92.6 хувь нь дэмжлээ.