Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮХ-ийн өөрчлөлт & Г.Занданшатар

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 35 секунд

2023.05.31. Монголын түүхэнд нэгэн шинэ он, сар, өдөр өнөөдрийн огноогоор бичигдэж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ хэлэлцэн баталлаа. Чингэхдээ 63 гишүүн санал хураалтад оролцож, 62 гишүүн дэмжсэн нь Монголын парламент 76-гаас 73 гишүүнтэй ажиллаж байсныг, энэ өдөр 63-уул хууль баталсныг гэрчлэх баримт болон үлдэж байна.

Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт:

1.УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна.

2.УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, гишүүдийн 78-ыг тойргоос, 48-ыг жагсаалтаар сонгоно.

Үндсэн хуульд эдгээр өөрчлөлтийг оруулж баталснаар эрх баригч МАН улс төрийн шинэ хуудсыг нээж буйн хувьд эргэлзээ тээнэгэлзээ төрүүлэх ч багадам улс төрийн эрсдэл дунд орж байна. Сонгуулийн өмнөх жил огцом эрсдэлтэй хөдөлгөөн хийхгүй байхыг хичээдэг эрх баригчдын тактик энэ удаа ийн өөрчлөгджээ. Нийгмийн санаа бодлыг чилээсэн томоохон дуулиануудын бай нь МАН өөрөө болж зогсохыг бид яг одоо харж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд сүүлийн хоёр парламент дамнаж дөрвөн жилийн хугацаанд хоёр дахь удаа нэмэлт, өөрчлөлт орж байгаа юм. Гомбожавын Занданшатар аль алинд нь УИХ-ын даргаар ажиллаж, ҮХНӨ хэмээн товчлон бичиж, юун тухай болохыг иргэд бүгдээр ойлгох болсон үйл явцад нэрээ тодоор бичүүлэх хариуцлагыг хүлээн үлдлээ. Энэ өөрчлөлтүүд Монгол Улсын хөгжлийн түүхэнд цаашид чухам ямар эргэлт болохын тухай бүрийд Г.Занданшатар хэмээх улстөрчийн нэр үргэлжид УИХ-ын даргаар, сайн, эсвэл саараар ярьж бичигдэхээр боллоо. Үүнээс хойш үүргээ хэрхэн биелүүлснээр үеийн үед хариуцлага хүлээх ҮХНӨ-үүдийн цаг ажиллаж эхэлнэ. Хөгжил дэвшлийн бодлого, хэрэгжилт чамбайрч, иргэдийн ойлголт, хүлээлт улам чангарахаар болж байна.

Энэ удаагийн ҮХНӨ-ийг түүний удирдсан УИХ баталсны дараа хэлсэн эхний үгэндээ Г.Занданшатар “УИХ-ын гишүүд эрх мэдэлтэн, дарга биш, харин ард түмнийхээ элч төлөөлөгч байх тогтолцоог бэхжүүлэх зорилгоор гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульдаа тусгалаа. Энэхүү өөрчлөлт зөвхөн УИХ-ын гишүүдийн тоог нэмж олшруулах төдий өнгөц өөрчлөлт биш ээ. Харин ард түмний хүсэл эрмэлзэл, бодол зорилго, засаглах эрх парламентад илүү сайн хангагдаж байх төлөөлийн ардчиллын зарчмыг улам төгөлдөржүүлэхэд чиглэсэн өөрчлөлт юм” хэмээв.

Тааруу хэрэгжүүлбэл сайн хууль ч мууддаг тул хамгийн чухал цэг нь ирээдүй цаг. ҮХНӨ-ийн хэрэгжилтийн үр дүнг бодит амьдралаасаа хүмүүс үзэх л үлдлээ. ҮХНӨ-ийн араас Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн болон Нийтийн ашиг сонирхлын тухай хуулиуд өөрчлөгдөхөөр хүлээгдэж байна. Эдгээр нь цогцоороо Монголын улс төрд эрс шинэчлэлийг авчрах, хөгжлийн хурдыг ахиулах учиртай.

Б.Жавхлан: 30 жил маргасан тэтгэврийн зөрүүг арилгах тодотгол өргөн барилаа
Б.Жавхлан: 30 жил маргасан тэтгэврийн зөрүүг арилгах тодотгол өргөн барилаа
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.