Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа "Хүүхдийн баяр болж буйтай холбогдуулан хэд хэдэн шийдвэр гаргалаа.
Төрийн байгууллагын харъяанд амралт, сувилал олон байдаг. Гэвч хүүхдүүд нь зун амрах газар олдохгүй байхад төрийн байгууллагууд амралт сувилалтай байх нь зохимжгүй юм гэж үзээд эдгээр амралтыг Найрамдал зуслангийн удирдлага, зохион байгуулалтад оруулж, хүүхдийн зуслангийн үйлчилгээ үзүүлэхээр шийдвэрлэлээ. Яамнаас ажлын хэсэг гарч ажиллана.
Төрийн өмчид байсан 12 хүүхдийн зусланг 2002-2009 онд хувьчилсан. Газрыг нь зарсан, хаус хороолол болгосон гэх гомдлууд их байдаг. Тиймээс эдгээр хувьчилсан зусланд шалгалт хийж, шаардлагатай бол төр өөрөө эсвэл төрийн бус байгууллагуудаар ажиллуулах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн агентлагийг зөвхөн хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг Хүүхэд, гэр бүлийн агентлаг болгох нь зөв гэж шийдвэрлэсэн" гэлээ.