Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн. Тодруулбал, МАН-ын бүлгээс өчигдөр хүүхдийн мөнгийг ирэх 7 сарын 1-нээс бүх хүүхдэд олгож, мөн цалин, тэтгэврийг нэмэх шийдэлд хүрсэн байдаг. Ингээд ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Төсвийн тодотголыг эдийн засгийн дараах таван ангилалд хийж байна. Тодруулбал,
- Төрийн албан хаагчдын суурь цалинг нэмэгдүүлнэ. Нийт 986.6 тэрбум төгрөг зарцуулна. Үүнд 217.7 мянган төрийн албан хаагч хамрагдана.
- Тэтгэврийн зөрүүг арилгаж, нэмэгдүүлнэ. 394.6 тэрбум төгрөг зарцуулна. Үүнд 496.3 мянган тэтгэвэр авагч хамрагдана.
- Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд өгнө. 167.2 тэрбум төгрөгийг зарцуулна. Үүнд 141.4 мянган хүүхэд хамрагдана. Мөн өнгөрсөн нэгдүгээр сараас хойшхи хасагдсан хүүхдүүдийн мөнгийг нөхөж олгоно.
- Зорилтот бүлгийн халамжийн тэтгэвэр тэтгэмжийг 89.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ. Үүнд 146.4 мянган хүн хамрагдана.
- Улаанбаатар хотын түгжрэлийн асуудалтай холбоотойгоор том замуудын хоорондох холбоос замуудыг гүйцээх 187 тэрбум төгрөгийг тодотгосон” гэлээ.