Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурлын талаар Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас мэдээлэл өглөө.
Тодруулбал, иргэн Д.Мөнх-Эрдэнэ нарын таван хүнд холбогдох хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2023.05.25-ны өдөр хүлээж авсан ч шүүх хуралдаан хараахан товлогдоогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.2.1-д зааснаар Давж заалдах журмаар хянан хэлэлцэх хугацаа 30 хоног байдаг бөгөөд энэ хугацаанд шүүх хуралдааныг товлон хуралдуулах юм байна.
Ташрамд сануулахад, Нийслэлийн прокурорын газраас Д.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг юм.