Засгийн газрын авлигатай тэмцэх ажлын хүрээнд хэрэгцүүлж буй "Шилэн" ажиллагааны хүрээнд ЦХХХ-ны сайд Н.Учрал Засгийн газрын нийт тусгай сангийн зургаан сангийн мэдээллийг нийтэд ил тод болгож буй талаар мэдээллээ.
Тухайлбал, үүний нэг сан болох Эрүүл мэндийн даатгалын сангийн мэдээллийг танилцууллаа. Тухайн сан нь 2018 оноос өмнө Нийгмийн даатгалын сангийн бүрэлдэхүүн хэсэгт байсан бөгөөд 2018-2022 оны хооронд буй тус сангийн санхүүгийн бүрдүүлэлт болон зарцуулалтын байдлын эрүүл мэндийн байгууллага тус бүрээр гарган ил тод, нээлттэй байршуулж байна.
Эрүүл мэндийн даатгалын сан нь 2022 оны жилийн эцсийн байдлаар 3092 эрүүл мэндийн байгууллагад 1.7 их наяд төгрөгийн санхүүжилтийг олгосон бөгөөд тухайн санхүүжилтийг авч ЭМДС-тай гэрээ байгуулсан 3092 ААН-ийн хэдэн онд хэдэн төгрөгийн санхүүжилт авсан талаарх мэдээллийг байршуулжээ.
Үүнд улсын эмнэлгүүд, эмийн сангууд, хувийн эмнэлгүүд болоод бүх шатлалын эмнэлгүүд хамаарч байна. Тус сангийн мөнгөн хөрөнгө 2018-2022 оны байдлаар нийт 11 банканд байршсан аж. Үнийн дүнг нь авч үзвэл 23.19 хувь нь Төрийн санд, 14.89 хувь нь Төрийн банканд, 14.51 хувь нь Хаан банканд, 11.9 хувь нь Худалдаа хөгжлийн банканд байршсан бөгөөд үлдсэн нь бусад банканд байршжээ. Тус онуудын нийт дүнгээр иргэдийн эрүүл мэндийн даатгалд хамрагдалтаар нь авч үзвэл 68.42 хувь нь шимтгэлийг улсын төсвөөс хариуцах иргэд буюу 0-18 насны хүүхэд, тэтгэврийн иргэд, хүүхдээ асарч буй эцэг эхчүүд болон бусад гэсэн төрөлд хамаарч байна. Мөн 23.8 хувь нь ажил олгогчоос шимтгэл хариуцан төлөх иргэд, 7.79 хувь нь шимтгэлийг өөрөө хариуцан төлдөг иргэд хамаарч байгаа аж.