ЭМЯ-ны ТНБД-ын суудал өнгөрөгч нэгдүгээр сараас хойш эзэнгүй байгаа билээ. Учир нь ковидын түр хуулиар томилогдон ажиллаж байсан Ц.Эрдэмбилэг өнгөрөгч нэдгүгээр сард чөлөөлөгдсөн байдаг.
Тэгвэл тус яамны дараагийн ТНБД хэн байх вэ гэдэг асуудал саяхнаас яригдаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар өмнө нь ЭМЯ-ны ТНБД-аар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Д.Очирбат эргэн томилогдохоор зэхэж байгаа аж.
УИХ-ын гишүүн асан Д.Очирбат нь 2016 онд ЭМЯ-ны ТНБД-аар томилогдож байсан бөгөөд түүнийг ажиллаж байх хугацаандаа төсвийн 10 орчим сая төгрөгөөр хувийн эзэмшлийн “Ланд круйзер-200” маркийн машинаа засуулснаас гадна олон удаагийн үргүй зардал гаргаж байсан шалтгаанаар АТГ-аас шалгаж эхлэх үед түүнийг 2018 оны нэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар ЭМЯ-ны ТНБД-ын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн түүхтэй.
Тэрбээр чөлөөлөгдсөн цагаасаа хойш ТНБД-ын албан тушаалдаа буцаж очихоор зэхэж өнгөрсөн хугацаанд уйгагүй шүүхдэж яваа гэх. Улмаар ЭМЯ-ны ТНБД-ын сонгон шалгаруулалт саяхнаас эхэлсэн бөгөөд тус үйл явдалтай зэрэгцэн ийнхүү түүний нэр яригдах болжээ.