УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдсөн нам, эвсэл, бие даагчид хяналтын буюу гар тооллоготой холбоотой мэдээлэл хийлээ.
Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр дахин ямар ч сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдэв.
Тэрбээр энэ талаар "Сошиалаар зарим нэг хүмүүс, онцолбол МАН-ын талд ажиллаж буй троллууд, МАН-ын даалгавраар ажиллаж байгаа хүмүүс "Ялагдлаа хүлээж сур" гэх мэтээр шударга шаардлагыг няцаахыг оролдож байна.
Би сонгуульд нэр дэвшээгүй учраас ялагдаагүй. Ахин ямар ч сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ амлаж байна. Намайг сонгуульд нэр дэвшүүлэхгүй юм байна. Би ч өөрөө ийм булхайтай сонгуульд оролцохгүй гэдгээ хэлмээр байна.
Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд Үндсэн хуульд заагдсан сонгох, сонгогдох эрх, ардчилсан суурь зарчмыг хамгаалахын төлөө та бүхэнтэй хамтран шударга сонгуулийн төлөө тууштай тэмцэнэ гэдгээ мэдэгдэж байна" гэв.