Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнг мэдээлснээс хойш сонгуульд оролцсон зарим нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн зүгээс санал авах, дүнг нэгтгэх үйл ажиллагааны явцад хууль зөрчсөн үйлдэл олноор гарсан, зарим нэр дэвшигчийн саналыг тоолох явцад таслал бүхий тэмдэглэгээ гарч ирсэн, сонгуулийн автоматжуулсан системд нөлөөлж, саналын дүнг будлиантуулсан байж болзошгүй зэрэг гомдол гаргасаар байна.
Дээрх асуудалд Хөдөлмөрийн Үндэсний Намын дарга, УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүргийн 25-р тойрогт "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшсэн Б.Найдалаа өөрийн фейсбүүк хаягаар дамжуулан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Саналын хуудас тоолоод зөрөө гарахгүй ээ. Асуудал тэнд биш (1) таны саналыг үхүүлдэг мажоритар тогтолцоонд, бас (2) мөнгө тарааж, иргэдээ ажлын байр, тэтгэмжээр нь барьцаалж хүчиндэж, зөөж санал өгүүлдэг нэг намын засаг захиргаанд, (3) анхан шатны бүртгэлээс нь эхлээд хөдөлгөөнтэй царцаа арми бүртгэсэн байж болох булхай зэрэгт бий.
Үүнээс салах арга нь булхай хийдэг, иргэдээ дарамталдаг даргыг солих биш. Сонгуулийн тогтолцоог пропорционал, холимог болгох. АН өөрөө, З.Энхболд дарга нь энэ тогтолцоог хувийн сонирхолдоо тааруулан 2016 онд ҮХЦ-р шийдвэр захиалж гаргуулж, сонгуулийн хуулиа өөрчилж намаа ч өөрийгөө ч алсан. Улс орны эрх ашиг, алс хэтээ боддоггүй ухвар мөчид эрх ашигтаа баригдахын нэг тод жишээ. Энэ баримт улс төрийн сурах бичигт орно.
Харамсалтай нь, тэр шийдвэрийн лайг бид улс нийтээрээ одоо эдэлсээр байна.
Тэгэхээр, АН МАХН өөр "гоншигнож" байгаа хэн байна, сонгуулийн тогтолцоогоо пропорционал болгож өөрчлөхийн төлөө санал нэгдэж зүтгэх тэмцэх, шийдэх хэрэгтэй. Өөр замгүй" гэжээ.
Энэ удаагийн сонгуульд "Зөв хүн электорат" эвсэл 53 хүнийг нэр дэвшүүлсэн. Санал хураалтын дүнгээр тус эвслээс Хан-Уул дүүргийн 29-р тойрогт өрсөлдсөн Т.Доржханд УИХ-д сонгогдлоо. Ингэснээр Хөдөлмөрийн Үндэсний Нам парлемантад төлөөлөлтэй улс төрийн хүчин болж буй юм.
Б.ЛХАГВАЦЭРЭН
www.ubn.mn