Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн буюу 2023.05.04-ний өдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан билээ.
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар хийсэн тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгээс гаргасан саналыг нэг бүрчлэн хэлэлцсэн тухай тэрбээр дурдаад,
- Хүний боловсрол эзэмших явц нь дан ганц албан боловсролоор бус албан бус хувилбартай байх бөгөөд ажил, амьдралын орчинд сурч, эзэмшсэн чадварыг хүлээн зөвшөөрч, цаг хугацаа хэмнэх, богино хугацаанд ажил, хөдөлмөр эрхлэх, орлоготой болох, бүтээмжээ бодитой үнэлүүлэх, бие даан эзэмшсэн ур чадвараа үнэлүүлж гэрчилгээ үнэмлэхтэй болох эрх зүйн орчин, зохицуулалтыг бий болгох,
- Боловсролд цахим технологийн дэвшил нэвтэрч байгаа ч эрх зүйн зохицуулалтгүй байгааг шийдвэрлэж, хот хөдөөгийн боловсролын чанарын ялгааг арилгах, хүн бүр суралцах боломжоо нэмэгдүүлэх, хоцрогдлоо нөхөх, хүүхэд, залуучууд чөлөөт цагаараа ур чадвараа хөгжүүлэх,
- Англи хэлийг үндсэн гадаад хэлээр судлах,
- Ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд хамрагдах тэгш боломж бүрдүүлэх, холбогдох санхүүжилт, хөтөлбөр, орчин, хэрэглэгдэхүүний эрх зүйн орчныг сайжруулах,
- Багш бэлтгэх хувилбарт сургалтыг бий болгох, багшийг давтан сургадаг, хөгжүүлдэг тогтолцоог шинэчлэх, багшийг хуулиар зөвшөөрснөөс бусад ажил гүйцэтгүүлэхийг хориглох,
- Салбарын санхүүжилтийг гүйцэтгэлд үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлэх зохицуулалтуудыг тусгасан талаарх санал, дүгнэлтийг танилцуулсан юм.
Байнгын хорооны хуралдааны үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, багш нарын танхимын цагийн ачааллыг бодитой үнэлэх, цалин урамшууллыг нэмэгдүүлэх, эцэг, эхийн орлого, гарал үүслээс хамаараад хүүхдүүдэд тэгш бус боловсрол олгогдож байгааг хэрхэн хязгаарлах, хувийн сургууль сургалтын төлбөрөө огцом нэмснээр бий болж байгаа орлого хүүхдийн боловсролд зарцуулагдаж байгаа эсэхийг хэрхэн хянах талаар асуусан юм.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, бүх шатын боловсролын байгууллагын багш нар Төрийн албаны тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход хамрагдах, мөн боловсролын салбарт хэт ашгийн төлөө ажиллах нь зөв, эсэх, хүүхдүүдэд ялгавартай байдал үүсгэж байгаа нь боловсролын тогтолцооноос шалтгаалж байгаа эсэх, ашгийн төлөө ажиллаж байгаа сургуулиуд татвар төлөх шаардлагатай зэрэг асуудлаар мэдээлэл өгсөн байдаг.
Мөн Боловсролын ерөнхий хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэж үзжээ.