Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Мөнхсүх: IT парктай байгуулсан “Өргөө“ кино театрын түрээс нэртэй дээрмийн гэрээг цуцлах гэхээр ТӨБЗГ-аас “Та нар Анандтай үзээд сайнаа үзэхгүй, боль“ гэдэг

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
5 минут 39 секунд

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласан. Үүний нэг болох “Шилэн” ажиллагааны хүрээнд төрийн байгууллагуудын түрээстэй холбоотой асуудал олон нийтийн анхаарлыг татаж буй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хамаарал бүхий "Нью тур сафарис" ХХК нь Мэдээлэл технологийн үндэсний паркийн 2059 м.кв байрыг мкв тутамд нь 5000 төгрөгөөр түрээсэлдэг байсан бол бага багаар нэмэгдүүлж, өнөөдрийн байдлаар В1 давхрыг 7000, 1 давхрыг 9000 төгрөгөөр түрээсэлж байгаа нь ил болсон юм. Тус асуудалд Мэдээлэл технологийн үндэсний паркийн захирлаар ажиллаж байсан Г.Мөнхсүх дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр "Нэг зүйл дээр байр сууриа илэрхийлэх нь зөв гэж бодлоо. Би 2017-2020 онд IT паркийн захиргааны даргаар ажилласан. "Өргөө" кино театрын түрээс нэртэй дээрмийн гэрээг цуцлах гэж их явсан. IT парк дангаараа энэ гэрээг цуцалж чаддаггүй. Яагаад гэвэл ТӨБЗГ, IT парк, Өргөө 3 талт гэрээ байгуулсан учраас парк яаж ч эсэргүүцээд нэмэргүй. Ер нь ТӨБЗГ-ын умхиагүй, идэвхгүй, сэтгэлгүй байдлыг зориуд хэлмээр байна.

Асуудал ярихаар "Та нар Анандтай үзээд сайнаа үзэхгүй, боль" гэдэг.

Түрээсийн гэрээ цуцалбал Өргөөд 4 тэрбумын өрөнд орно гэдэг. ТӨБЗГ буюу тухайн үеийн ТӨХ "Өргөө кино" театр 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснийг баталгаажуулсугай гэж тогтоол гаргасан байдаг. Энэ тогтоол нь өөрөө хуулийг ноцтой зөрчсөн. Төрийн өмчид хөрөнгө нэмэх, хасах гэдэг ойлголт л байдгаас баталгаажуулах гэсэн нэг ч үг өгүүлбэр байхгүй. Гэтэл Нанзаддорж тэргүүтэй тухайн үеийн ТӨХ ийм хууль бус тогтоол батлахдаа Өргөөгийн боссын LX570 машиныг хүртэл оруулаад 4 тэрбум гэдэг тоо тавьчихсан. Тэр нь төрийн өмч юм уу? Хэний өмч юм?

Асуухаар нөгөө л алдарт "Анандыг та нар дийлэхгүй дээ" гэдэг хариултаа л авна. Хаалгыг нь лацдаад шүүхдэхэд асуудалгүй ялна. Гэвч ТӨБЗГ зөвшөөрдөггүй. Аргаа бараад ядаж түрээсийн үнээ нэмье гэхээр Өргөө нь зөвшөөрдөггүй. Хөөж болдоггүй, түрээсээ нэмж болдоггүй, төрд өмч нэмэгдээгүй хэрнээ баталгаа өгчихсөн. Ийм л хачин гэрээ.

Түрээс нэртэй боловч албан бусаар үнэгүй шахуу хувьчлаад авчихсан. Дотор нь дураараа бараг барилга бариад дамлаж түрээслээд хэд дахин нуга ашиг хийдэг ийм л даварсан газар даа. Үе үеийн IT паркийн захирлууд Өргөөтэй үзэлцэж ирсэн. Амжилт ололгүй удахгүй халагдаж солигдоод явчихдаг. Одоо паркийн байрнаас Өргөөг гаргах цаг болсон. Бүтэн 13 жил төрийн өмчийг үнэгүйдүүлж хууль бус тогтоолоор халхавчилж, 4 тэрбум байтугай түүнийгээ хэд дахин нугалсан ашиг хийсэн. Ичихгүй 4 тэрбумаа нэхвэл сөрөг нэхэмжлэл гаргаад алдагдсан боломжийн өртгөө нэхэх хэрэгтэй. IT парк кино үзүүлэх албагүй, чиг үүрэгт нь падлий байхгүй атал соёлын үйлчилгээ учраас 8 мянгаар түрээслүүл гэж дээрээс шахдаг. Хэдэн зуун старт апууд байргүй байна, өндөр технологийн төв, үзэсгэлэн, сургалтын танхим гээд ашиглах хувилбар өчнөөн олон байна.

Дахин хэлье. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд төрд өмч нэмэх, хасах гэсэн ойлголт л бий. Хэрвээ Өргөө 4 тэрбум төгрөг гаргасан бол тэр нь капиталжаад төрд өмчөөр бүртгэгдэх ёстой. Гэтэл тэр нь төрийн өмч биш өөрсдийнх нь бизнесийн ашиг олох зорилготой л тохижилт, тоног төхөөрөмж, унаа тэрэг зэрэг юмнууд. Монголын төр ер нь компьютерингийн зориулалттай барилга бариагүй дээ. IT паркийг 1974 онд Оросууд. Дата төвийг 2009 онд Солонгосууд барьж өгсөн. Гэтэл IT паркаа нүд үзүүрлэж байр савыг нь ийш тийшээ гулгуулах юмыг ТӨХ нь хийж ирлээ. Байрных нь тэн хагаст кино театр оруулж боломжийг нь үгүй хийчихээд ашигтай ажилла гэж загнадаг. Танай байрыг Боловсролын яаманд өгнө, хууль зүйн яаманд өгнө гэж ТӨБЗГ-ынхан 2 ч удаа тогтоол батлах гэж оролдсон. Төрийн ордноор дээш доош гүйж дарга нарт гомдол мэдүүлж байж зогсоосон. Төр өөрөө зориулалтын барилга барьдаггүй юмаа гэхэд байгаа байрыг нь дээрэмдэхээ больчих хэрэгтэй. Паркыг парк чигээр нь ажиллуулах чадамж, туршлага одоогийн хамт олонд хангалттай бий. Зүгээр л боломжийг нь өгөх хэрэгтэй" гэлээ.

Л.Энх-Амгалан: Англи хэлийг нэгдүгээр ангиас нь эхлэн заах тухай ямар ч үг, өгүүлбэр, заалт хуульд байхгүй
Л.Энх-Амгалан: Англи хэлийг нэгдүгээр ангиас нь эхлэн заах тухай ямар ч үг, өгүүлбэр, заалт хуульд байхгүй
 
Маргааш Улаанбаатарт 3 хэм дулаан
Маргааш Улаанбаатарт 3 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.