Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагааг явуулна гэдгээ албан ёсоор зарласнаас хойш сар гаруйн хугацаа өнгөрсөн байна. Тус ажиллагааны нэг болох "Шилэн" ажиллагааны хүрээнд өнөөдөр /2023.04.17/ УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл өглөө. Энэ үеэр тэрбээр "Өнгөрсөн долоо хоног хөдөө аж ахуйг дэмжих сангийн мэдээллийг нийтэд ил болгосон. Эхний ээлжинд 6092 ААН, ТББ байгууллага болон иргэний 52.4 тэрбум төгрөгийн зээлийн мэдээллийг ил болгож байв. Тэгвэл одоогийн байдлаар 880 ААН, ТББ, иргэний мэдээллийг нэмж оруулж байна. Энэ бол мэдээлэл хариуцагчаас ирүүлсэн мэдээлэл. Ингэснээр 82.1 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болж өсч байгаа юм. Бид цаашид үлдсэн зээлдэгч нарын мэдээллийг ирүүлэхийг нэхэн шаардаж байна. Тус сангийн мэдээллийг ил болгосны дүнд 95 иргэн, хуулийн этгээд 232 сая 924 мянган төгрөгийн зээлийг эргэн төлсөн байна. Энэ бол мэдээлийг шилэн болгосны дүн" гэв.