Эрүүл мэндийн яамнаас Ковид-19 халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн хурлыг хийж байна.
Энэ үеэр ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “Өчигдөр ажиглалтанд 297 хүн шинээр орж, 216 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалтанд шилжсэн. Одоогоор ажиглалтанд нийтдээ 1719 хүн байна. Өчигдөр орой БНСАУ-аас тусгай үүргийн нислэгээр 266 хүн ирснээс бага насны хүүхэд 41, өндөр настан 16, жирэмсэн эмэгтэй 13, эрүүл мэндийн шалтгаантай 31 хүн ирсэн. Үүнээс нэг хүн ХӨСҮТ-д, 32 хүн цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан” гэв.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лабораторит болон Дархан-Уул аймгийн салбар лабораторти нийт 339 хүнд шинжилгээ хийснээс 336 хүнд Ковид-19 илрээгүй. Харин 3 хүний шинжилгээнд илэрлээ. Энэ нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч буюу 59 настай ОХУ-ын иргэн, 37 настай Беларус улсын иргэн, 32 настай Монгол улсын иргэнд тус тус корона вирус илэрлээ. Эдгээр хүмүүсийг ХӨСҮТ-ийн эмчилгээнд оруулах ажлыг өнөө өглөө эхлүүллээ. Тусгай үүргийн онгоцоор ирсэн бүх иргэдийг шинжилгээнд хамруулж, сорьц цуглуулж амжсан бөгөөд бүх хүмүүст Ковид-19 илрээгүй. Нэг хүнийг сэжигтэй тохиолдол хэмээн үзэж ХӨСҮТ-д авчирсан боловч мөн шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Мөн өнөөдөр ХӨСҮТ-өөс 5 хүн эдгэрч эмнэлгээс гарч байна. Нийт батлагдсан тохиолдол 204 болж, 132 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд одоо 72 хүн эмчилгээнд байна” гэлээ.
Б.Жаргалмаа