Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Энхболд: Сонгуульд жагсаалтаар орох хүмүүсийн нэрс НЭЭЛТТЭЙ байна. Сонгогчид нэр дэвшигчид, эсвэл намд санал өгч болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
15 минут 30 секунд

Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны гуравдугаар сарын 07-ны өдрийн 45 дугаар захирамжаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан билээ. Тэд өчигдөр хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан юм. Тэгвэл Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдтой ярилцлаа.

-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд найман удаа УИХ-ын сонгууль болоход таван удаа тогтолцоог шинэчилж байсан юм билээ. УИХ-ын даргад өргөн бариад буй энэ удаагийн сонгуулийн хуулийн төсөл ямар шинэчлэл, өөрчлөлтүүдийг агуулж байгаа вэ?

-Бид өмнөх сонгуулийн үед хэрэглэж байсан тогтолцоогоо энэ удаад өөрчилж байгаагаараа нэг том ялгаатай. Ер нь 1992 оноос хойш УИХ-ын сонгууль найман удаа болсноос дөрөв нь жижиг тойрог дээр олонхын саналаараа явсан. Гурав нь томсгосон тойрог дээр олонхын саналаар. Нэг нь жагсаалт, олонхын санал хосолсон буюу холимог байдлаар явсан байдаг.

Аль ч тогтолцоонд сайн, муу хоёр тал бий. Үүнийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Тухайн улс орон өөрийн нийгэм, эдийн засаг, улс төрийн төлөвшлийн явцад тохируулж хэрэглээд явж ирсэн. Энэ удаад бид холимог тогтолцоог 2012 онд явуулсан шиг нийт УИХ-ын гишүүдийн 50 хувь нь намын жагсаалтаар, үлдсэн 50 хувь нь тойргоос сонгогдох тогтолцоог хуулийн төсөлд тусгалаа.

-Холимог тогтолцоог анх 2012 онд хэрэглэж байх үед багагүй талцал, маргаан үүссэн байдаг. Наад зах нь сонгуулийн легитим чанар алдагдаж, иргэдийн төрд итгэх итгэлийг сулруулдаг гэж зарим хүмүүс тайлбарлах юм билээ?

-Сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлыг хамгийн сүүлд Үндсэн хуулийн цэцээр яриад дүгнэлт гаргасан байдаг. Үндэслэл бүхий тайлбартаа олонхын саналаар сонгодог тогтолцоонд ч, хувь тэнцүүлсэн тогтолцоонд ч аль алинд нь сонгогчид саналаа шууд өгч байгаа хэлбэр мөн гэсэн утгатай тайлбар хийсэн. Тиймээс Үндсэн хууль талаасаа маргаангүй гэж үзсэн учраас сонгуулийн холимог тогтолцооны загварыг оруулж байгаа юм.

Үүнийг УИХ-д суудалтай намууд ч биш олон сонгуулийн үед ярьж, үр дүнд нь дүн шинжилгээг хийж эрдэмтэн, судлаачид, улстөрчид, улс төрийн намууд, иргэдийн санал хүсэлт гээд олон талын саналуудыг тусгасан байдлаар хуулийн төслийг оруулах болсон.

2019 онд бид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоодог байя гэсэн заалт оруулах гэж ярьж явсаар санал хураах болоход тэр нь уначихсан шүү дээ. Тэгээд Үндсэн хуульд тогтолцоо гэдэг үг нь ороогүй. Түүнээс болж дахин маргаан үүссэн. Тухайн маргааныг цэц шийдсэн нь аль ч хэлбэрээр нь явуулж болно гэсэн агуулгатай тайлбар ирүүлсэн учраас энэ удаагийн хуульд холимог тогтолцоог оруулж ирж байгаа юм.

Ер нь Манай улс сонгуулиа жижиг тойргоор явуулж ирсэнд хэд хэдэн сул тал байна гэж үзэж байгаа.

Нэгдүгээрт, олон сонгогчдын санал сонгуулийн дараа УИХ-ын суудлын тоонд тусгалаа олохгүй үлдэж буй байдал ажиглагддаг. Тухайлбал, нэг нам нийт сонгогчдын 50 орчим хувийн санал авсан байхад парламентын суудлын 80 орчим хувийг дангаараа авна гэдэг бол түүний цаана маш олон сонгогчдын санал гээгдэж байна гэсэн үг. Санал нь тусгагдаагүй сонгогч сэтгэл хангалуун үлдэхгүй нь мэдээж. Эцэстээ энэ нь даамжирч нийгмийн бухимдал, тогтворгүй байдал руу түлхдэг учраас манай улсад хортой үзэгдэл юм байна гэдэг нь ажиглагдаж байна.

Хоёрдугаарт, намуудыг төлөвшүүлэх ажил маш чухал болсон. Үндсэн хуульд улс төрийн үйл ажиллагаанд оролцох зохион байгуулалтын үндсэн хэлбэр бол нам гэдгийг заасан байгаа. Тэгэхээр намууд өөрсдөө зөв байхгүй бол сонгууль ч буруу болно. Сонгуулийн дараа бүрдэж байгаа УИХ-д ч асуудал байна гэдэг агуулгаар намуудыг яаж төлөвшүүлэх юм, нам өөрөө нэр дэвшүүлж байгаа хүмүүсээ яаж зөв сонгож өрсөлдүүлэх үү гэдэгт илүү хариуцлагатай хандах ёстой. Үүрэг хүлээдэг болох асуудалд маш сайн дэвшил авч ирэхээр байгаа юм.

-Намын жагсаалтаар орж ирэх нэр дэвшигчдэд олон нийт анхаарлаа их хандуулах байх. Ялангуяа энэ асуудалд намын даргыг дагасан хэсэг хүмүүс шургалдаг гэдэг шүүмжлэл ч бий. Тэр ч бүү хэл 2012 оны сонгуулийн дараа үүдээр гарсан хүн тооноор ороод ирлээ гэдэг яриа ч гарчихсан байсан. Жагсаалтаар нэр дэвших хүмүүст ямар зарчим, шалгуур үйлчлэх вэ?

-Нийгэм цаг үе өөр болж сонгогчид илүү залуужсан байна. 1992 онд төрсөн хүмүүсийн нийгэмд эзэлж байгаа хувь хамгийн өндөр байна шүү дээ. Тэгэхээр цоо шинэ нийгэм бүрэлдсэн гэсэн үг. Энэ хэрээр улс төрийн намуудыг хариуцлагатай байхыг шаарддаг үзэл бодолтой залуусын нийгэм бүрдсэн байна. Намууд түүнийг бодолцохгүйгээр дарга тойрсон хэдэн хүн оруулна гэдэг байдлаар хандвал үнэхээр хол явахгүй болчихсон цаг.

Тиймээс нэг талаас тэгж шүүмжилдэг ч гэсэн нөгөө талаас нь харвал намын сонголт хийдэг дарга нь ч юм уу, зохих бүтэц зэргийг бодолцож жагсаалтад зөв хүмүүс дэвшүүлэхгүй бол санал авч чадахгүй л гэсэн үг. Сонгогчдыг ч, намуудыг ч хариуцлагатай болгож байгаагаараа онцлогтой хэлбэр гэж үзэж байгаа юм.

Дан жижиг тойргоор явахаар улс орны хөгжлийн нийтлэг том асуудлууд шийдэгдэхгүй. Тухайлбал, УИХ-д төсөв яригдахад 76 жижиг тойрог руугаа юм татсаар байгаад хязгаартай үлдсэн жаахан хөрөнгөө улс орны том асуудлуудад чиглүүлж чадахгүй үлдэж буй нь манай Монгол Улс шиг жижиг эдийн засгийн чадавхтай улсад олон жил толгойны өвчин болж байна.

Жагсаалтаар сонгогдсон гишүүд улс орны томоохон асуудал шийдвэрлэхэд бид ямар шийдвэр гаргах ёстой вэ гэдэг талаасаа илүү анхаарч ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл намынхаа дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт туссан томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө санал бодлоо нэгтгэж хүч болж явах нь өнөөдөр манай оронд шаардлагатай хүчин зүйлсийн нэг.

-Сонгуулийн зардлыг бууруулах асуудлыг хуулийн төсөлд тусгасан байсан. Тухайлбал, тухайн сонгуулийн штабт ажиллаж байгаа ухуулагч нь сайн дурынх байна. Ухуулагчийн цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэтрүүлэхгүй байх гэдэг заалт байсан. Зардлыг хязгаарлах, мөнгөний сонгуулиас зайлсхийхэд ямар зохицуулалт тусгаад байгаа вэ?

-Мөнгөний сонгуулиас зайлсхийхийн тулд зардлыг багасгах бүрэн боломжтой болсон. Хуулийн төсөлд үүнтэй холбоотой нэлээд заалтууд бий. Тухайлбал нэр дэвшигч, намд өгөх хандивыг хяналттай болгох, санхүүгийн тайланг шилэн байлгах. Нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаанд их хэмжээний мөнгө зарцуулахгүй байх зэрэг аль болох зардлыг бууруулсан олон заалтууд туссан байгаа.

-Гадаадад байгаа Монгол Улсын иргэдээс санал авах процесст өөрчлөлт оруулсан гэж ойлгосон. Ямар өөрчлөлт хуульд туссан байгаа вэ?

-Үүнд хоёр чухал жишээ дурдъя. Хуучин хуулиар хоёрхон хоногийн дотор тухайн ЭСЯ-нд ирж саналаа өгдөг байсан. Тиймээс санал өгөх хугацааг сунгах заалт оруулсан. Ядаж гурав хоног болгох хэрэгтэй байгаа.

Гадаад улсад ажиллаж, сурч, амьдарч байгаа хүмүүс байрлаж буй газар нутгаасаа хамаараад хол, ойр янз бүр л бий. Сахилга хатуу газар бол ажлын дундуур сонгуулийн санал өгөөд явах боломж хомс. Энэ бүгдийг бодолцож санал өгөх хугацааг нь сунгах чиглэлд ажлын хэсэг анхаарч ажилласан.

Мөн сонгууль зохион байгуулах комиссын үйл ажиллагааг сайжруулах асуудлаар Гадаад харилцааны яам, консулын газруудад тодорхой чиглэл өгсөн заалтууд орж байгаа.

-Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй Засгийн газар танилцаж саяхан саналаа өгсөн гэж мэдээлсэн. Засгийн газраас ямар саналууд гаргасныг тодотгож хэлбэл?

-Ярианы эхэнд өөрөө хэллээ. УИХ-ын даргын газрын тогтоолоор нийт зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч төсөл боловсруулсан. Миний бие ажлын хэсгийг ахалж ажилласан. Ажлын хэсгийн гишүүдэд Д.Тогтохсүрэн, С.Одонтуяа, О.Цогтгэрэл, Т.Доржханд, Ж.Мөнхбаатар гэсэн хүмүүс ажилласан. Бид эхэлж саналаа бэлтгэсэн. Дараа нь Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн.

Засгийн газраас санал авах үед бидний оруулсан саналтай давхцсан эсхүл арай илүү тодруулах зорилготой хэд хэдэн саналууд байсныг авсан. Тухайлбал эмэгтэйчүүдийн намын жагсаалтад эзлэх хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор 1:1 гэсэн дарааллаар жагсааж оруулъя гэсэн санал ирсэн. Түүнийг нь бид ажлын хэсгийн хэмжээндээ хүлээж аваад хуулийн төсөлд тусган УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн байгаа. Засгийн газраас бидэнд зарчмын том зөрүүтэй санал ирээгүй. Тодруулах зүйлсийг лавлаад явж байгаа.

-УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэгт МАН, АН, ХҮН намын төлөөллүүд багтсан байгаа шүү дээ. Гэтэл сонгуулийн хуулийн төсөлд АН-аас зарчмын зөрүүтэй санал гаргаж, өөрсдийн боловсруулсан хуулийн төслөө УИХ-ын даргад зэрэг шахуу өргөн мэдүүлсэн. Танай боловсруулсан хуулийн төсөлд АН-аас О.Цогтгэрэл, С.Одонтуяа нар хамтарч ажилласан хэрнээ яагаад ийм үйлдэл гаргах болсон юм бэ?

-Зарчмын хувьд УИХ-ын бүрэн эрхийн энэ хугацаанд хамгийн эхэнд манай намаас хуулийн төсөл боловсруулсан байдаг. Үүний дараа намын төлөөллүүд, эрдэмтэн судлаачид, олон нийтийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулсан. Ерөнхий санал бол холимог тогтолцооны асуудал байсан.

Үүний дараа УИХ-д суудалтай намууд, бусад намуудтай тусгайлан уулзалт яриа хийж, санал солилцоод гол зарчмын асуудлууд дээр санал нэгдэцгээсэн. Тиймээс УИХ-ын даргад зэрэгцүүлээд хуулийн төслөө өргөн барьж байна лээ. Тус хууль дээр манай боловсруулсан хуулийн эсрэг зарчмын зөрүүтэй санал тусгагдаагүй байсан.

Яах вэ. Эмэгтэйчүүдийн хувийг 50:50 гэж байсан бол 33:66 хавьцаа болгох гэдэг юм уу. Бүртгэлийн хяналт тавих бүтцийг сөрөг хүчнээр удирдуулъя гэсэн санаанууд байгаа юм билээ. Түүнээс биш цоо шинэ зарчмын зөрүүтэй санал байгаагүй.

-АН-аас боловсруулж УИХ-д өргөн барьсан гээд байгаа хуулийн төсөлд жагсаалтаар орж ирэх нэр дэвшигчийн тоог 28, тойргоор сонгогдох нэр дэвшигчдийн тоог 48 байхаар тусгасан байсан?

-Тийм санал орж ирсэн. Гэхдээ энэ бол цоо шинэ зүйл биш. Зарчмын зөрүүтэй асуудал ч биш л дээ. Одоогийн боловсруулсан хуулийн төслийг АН, МАН гэлтгүй хамтарч хэлэлцсэн. Жагсаалтаар орох нэр дэвшигчдэд тооны зөрүүтэй л санал тусгасан байсан гэж ойлгож болно. Ийм саналыг хэлэлцүүлэх явцад УИХ-ын ямар ч гишүүн эсвэл бүлэг нь зарчмын зөрүүтэй санал болгож оруулаад хэлэлцээд явах ч боломж байгаа.

Тэгэхээр дотроо хэлэлцээд явах зүйл УИХ дахь АН-ын бүлэгт байсан л байх. Түүнийгээ бодолцож тусдаа хуулийн төсөл хүргүүлэх шалтгаан байсан болов уу гэж харж байна. Одоо бол УИХ-ын дарга хуулийн хоёр төслийг хүлээгээд авчихсан. Хоёуланг нь хэлэлцүүлэгт оруулна. Гэхдээ УИХ-ын хэмжээнд нэг л ажлын хэсэг гарна.

Өргөн мэдүүлсэн хуулиудыг УИХ-аар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангаж, боловсруулах ажлын хэсэгт намууд тал талаасаа нийлээд орно. Хоёр хуулийн төслийг хамтруулаад хэлэлцүүлдэг тийм практик хүртэл бий. Үүний дагуу явах байх.

-Жагсаалтаар орж ирэх нэр дэвшигчдийн нэрс хаалттай байх уу, нээлттэй байх уу?

-Нээлттэй байна. Сонгогчид нэр дэвшигчид саналаа өгч болно. Намын төлөө өгч бас болно. Тэгэхээр аль нэгийг нь сонгоно гэсэн үг.

-Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 6-р зүйлийн 4.2 дахь хэсэгт УИХ 76 гишүүнтэй байна гэсэн заалтыг хүчингүйд тооцсугай гэчихсэн байсан. Гишүүдийн тоог оруулаагүй нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийвэл гишүүдийн тоог нэмэх асуудал тусгагдана гэж тооцоолж дээрх заалтыг хассан уу. Хууль батлагдсаны дараа гишүүдийн тоог нэмэлтээр тусгаж оруулна гэсэн үг үү?

-Үүнийг хэлэлцүүлгийн явцад л УИХ-ын гишүүд шийдэх асуудал. Өргөн мэдүүлсэн хуульд дээрх заалтыг хүчингүйд тооцсугай гэсэн зүйл байхгүй санагдаж байна.

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:

​ХЭРЭГ: Хятадын талаас “Д.Мөнх-Эрдэнэ эрх ямбаа ашиглан контрабандын хэрэг үйлдэж байна. КОНСУЛААС нь эргүүлж татна уу“ хэмээн хэд хэдэн удаа дипломат шугамаар АНХААРУУЛЖ байжээ
​ХЭРЭГ: Хятадын талаас “Д.Мөнх-Эрдэнэ эрх ямбаа ашиглан контрабандын хэрэг үйлдэж байна. КОНСУЛААС нь эргүүлж татна уу“ хэмээн хэд хэдэн удаа дипломат шугамаар АНХААРУУЛЖ байжээ
 
ШУУД: СЕХ-ноос саналын хуудас, санал тоолох машины талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байна
ШУУД: СЕХ-ноос саналын хуудас, санал тоолох машины талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.