Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨНДӨХ СЭДЭВ: 2022 оны ЕБС-ийн сурагчдын чанарын үнэлгээний улсын дундаж 100 хувиас 37 хувьтай гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 16 секунд

"Тавдугаар ангийн сурагч хэр нь гуравдугаар ангийн мэдлэгтэй хүүхэд олон байна. Гэтэл есдүгээр анги хэрнээ гуравдугаар ангийн мэдлэгтэй хүүхэд ч байна" хэмээн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнгөрөгч хавар УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар “Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны /тамхины хэрэглээ/ тухай” мэдээлэлд хэлж байсан удаатай.

Энэ үг ч үнэний ортой. Учир нь цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн улс орнууд хөл хорио тогтоосон нь манай улсыг тойроод биш дайраад гарсан. Бүтэн хоёр жил орчим хугацаанд бүх нийтээрээ хөл хорионд байсан нь боловсролын салбарт тэр дундаа сурагчдын сурлагын түвшинд сөргөөр нөлөөлж, маш их хоцрогдлыг бий болгосон нь улмаар сурагчдын сурлагын чанар муудахад хамгийн их нөлөө үзүүлсэн аж.

Тийм ч учраас өнөөдөр боловсролын салбарт хоцрогдол арилгах хөтөлбөр хэрэгжиж буй. Гэвч сурагчдын сурлагын чанарт хүмүүс тэр бүр анхаараад байдаггүй ч уг асуудлыг тоолгүй өнгөрөх бус зайлшгүй хөндөх шаардлага бидэнд бий болж байна.

2022 оны ЕБС-ийн сурагчдын чанарын үнэлгээний улсын дундаж 100 хувиас 37 хувьтай гарсан

БҮТ-ийн Захирал Л.Ганбатаас сурагчдын сурлагын чанарын үнэлгээний талаар тодруулахад "2014 оноос хойш боловсролын чанарын үнэлгээг хийж ирсэн бөгөөд 2019 он хүртэл хийгдсэн байдаг. Түүнээс хойш буюу 2020-2021 оны хооронд ковидын нөхцөл байдлаас шалтгаалан тасраад 2022 онд үргэлжлүүлсэн байгаа.

БҮТ-өөс боловсролын салбарт чанарын үнэлгээний тогтолцоог бүрдүүлэх ажлын хүрээнд суурь шинжилгээний ажлыг тогтмол хийдэг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хийгдээд явж байна. Өнгөрөгч жилээс эхлээд ЕБС-иудын хэмжээнд түүврийн аргаар боловсролын чанарын үнэлгээг авсан. Мөн ЕБС-ийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээ, байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг авч зохион байгуулсан. Түүнээс гадна зургаан настай нэгдүгээр ангид элсэн суралцаж буй хүүхдүүдээс сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээг зохион байгуулж авсан байгаа.

2014-2019 оныг хүртэлх хугацаанд хийгдсэн боловсролын чанарын үнэлгээний гол зорилго нь хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх, хөтөлбөр сайжруулахын тулд юуг анхаарах хэрэгтэй зэрэг асуудалд дата мэдээлэл цуглуулдаг байсан бол 2022 оноос эхлэн ЕБС-ийн бага боловсрол буюу 1-5 дугаар анги төгссөн сурагчид, суурь боловсрол буюу 6-9 дүгээр анги төгссөн сурагчид, бүрэн дунд боловсрол буюу 10-12 дугаар анги төгссөн сурагчдид ямар чадвар эзэмшиж байгааг бодлогын хүрээнд цогц үнэлгээ гаргахыг зорьсон маш өргөн хүрээнд томоохон хэмжээний дата мэдээлэл цуглуулсан.

Үр дүнгийн хувьд, "Чанарын үнэлгээний улсын дундаж 37 хувьтай гарсан" гэсэн юм.

Тэгвэл дээрх үр дүн нь,

  • Бага боловсрол эзэмшиж буй сурагчдын хамтран ажиллах чадвар, асуудлыг шийдвэрлэх чадвар, сургалтын хөтөлбөрт тусгагдсан хүрэх үр дүнг тодорхойлсон чадваруудыг хэрхэн эзэмшсэн,
  • Суурь, бүрэн дунд боловсрол эзэмшиж буй хүүхдүүдийн асуудал шийдвэрлэх чадвар, багаар ажиллах чадвар, мэдээлэлтэй харилцах чадвар ямар байгаа талаар судлахад гарсан аж.

Үүнээс ямар дүгнэлт хийж болох вэ,

Бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшиж төгссөн сурагчдын чадвар 100-37 хувьтай буюу "ХАНГАЛТГҮЙ" түвшинд байна гэж үзэж болох юм.

Сурагчдын хоцрогдол ковидоос ч өмнө байсан

Аль ч шатны боловсролын байгууллагын сурагчдад "ХОЦРОГДОЛ" хэмээх асуудал ковидын нөхцөл байдлаас шалтгаалан бодитоор бий болжээ. Гэхдээ дан ганц ковидын нөхцөл байдлаас шалтгаалан хичээлийн хоцрогдол үүссэн гэвэл энэ нь худал. Учир нь ковидоос ч өмнө сурагчдын дунд хичээлийн хоцрогдол байсаар иржээ.

БҮТ-ийн 2014-2019 оны хооронд хийсэн чанарын үнэлгээний судалгаануудын үр дүнд цар тахлын өмнөх үед ч хоцрогдол байсан талаар дурдаж байжээ. Гэвч ковидын үеийн нөхцөл байдлаас үүдэн сурагчдын сурлагын чанар эрс муудаж, их хэмжээний хоцрогдол бий болсон аж.

Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан 174 мянган хүүхэд хичээлийн бодит хоцрогдолд орж байв

Улсын хэмжээнд нийт 746,405 сураг ЕБС-д суралцдаг. Гэтэл цар тахлын үед 174 мянган хүүхэд хичээлийн бодит хоцрогдолд ороод байна гэсэн судалгаа гарч байсан удаатай. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яамнаас байгуулагдсан ажлын хэсэг тооцоо судалгаанд үндэслэн сурагчдын сурлагын хоцрогдол нөхөх, арилгах /2021-2023 он/ гурван жилийн цогц төлөвлөгөөг гаргсан байдаг. Үүнд,

  1. “Залгамж холбоог тогтоох”
  2. “Сурлагын хоцрогдлыг нөхөн засах”
  3. “Сурлагын хоцрогдлыг арилгах, тогтворжуулах” гэсэн гурван зорилтыг тусгаж байв.

Тэгвэл ковидын дараа БҮТ-өөс ЕБС-ийн сургуулийн сурагчдын оношлох буюу гарааны үнэлгээг авчээ.

2021 оны намар буюу есдүгээр сард БҮТ-өөс үндэсний хэмжээнд бүх аймаг, нийслэлийн ЕБС-иудыг хамруулсан сурлагын үнэлгээг хийсэн байна. Сурагчид 1-12 дугаар анги хүртэлх хугацаанд нийт 3600 орчим суралцахуйн зорилт буюу чадварыг эзэмшээд төгсдөг аж. Тэгвэл дээрх 3600 орчим зорилтыг ковидын дараагийн үед хэрхэн эзэмшсэн талаарх үр дүнд оношлох үнэлгээнээс гаргасан бөгөөд үүний үр дүнд,

Сурагчид 515 суралцахуйн зорилтын хоцрогдолтой байна гэсэн судалгаа гарчээ. Өөрөөр хэлбэл, бүрэн эзэмших ёстой 3600 орчим суралцахуйн зорилтоос 515 зорилтыг сурагчид огт эзэмшээгүй гэсэн дүгнэлт гарсан байна.

Тэгвэл 2022 оны хавар тавдугаар сард барианы үнэлгээг хийхэд,

2021 оны намар буюу хичээлийн шинэ жил эхлэхэд авсан судалгааны үр дүнг 2022 оны тавдугаар сард авсан барины үнэлгээтэй харьцуулахад, хоцрогдол тодорхой түвшинд арилсан байна. Өөрөөр хэлбэл, хичээлийн шинэ жил эхэлэхэд 515 зорилтын хоцрогдолтой байсан бол төгсөхөд 315 хүртэл буурсан гэх үнэлгээ гарсан байна. Үүнээс үзэхэд хичээлийн хоцрогдол танхимаар хичээллэсний үр дүнд тодорхой хэмжээнд буурч байгааг харж болно.

Сурагчдын хоцрогдол дан ганц сурагчдын багш нарын асуудал биш. Эцэг эхчүүдийн ч асуудал мөн

Сурагчдын хоцрогдол бол дан ганц сурагчид, багш нар, БШУЯ, Боловсролын ерөнхий газрын асуудал биш. Учир нь сурагчдын хоцрогдлыг бүрэн гүйцэд арилгахын тулд эцэг эхчүүдийн оролцоо ч нэн тэргүүнд шаардлагатай.

Түүнээс гадна сурагчид ч мөн хичээлдээ шамдах, идэвх зүтгэлтэй байж аль аль талаасаа хамтарч, боловсролдоо ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй. Тиймээс эцэг эхчүүд үр хүүхдийнхээ ирээдүйд зайлшгүй анхаарч харилцан туслалцаж байх шаардлагатай.

Цар тахлын нөлөөнөөс ч өмнө хичээлийн хоцрогдол гэх аюул байсаар иржээ. Гэвч үүнийг бид анзаардаггүй, хайхардаггүй байсаар цар тахлын нөлөөнөөс үүдэн улам илүү бодитой хоцрогдлыг бий болгож. Хүмүүс ЕБС-ийн сурагчдыг 12 дугаар анги төгсөхөд өгдөг ЭЕШ-аар бүтэн 12 жилийнхээ хөдөлмөрийг үнэлүүлж байна гэж ойлгодог ч үнэн хэрэгтээ тийм биш...

Өнөөдөр зургаадугаар ангийн сурагчид тодорхой хэмжээний мэдлэг, чадварыг эзэмших ёстой. Гэвч тогтсон хэмжүүрт хүрэхгүй байгаа нь тухайн сурагчийг ямар түвшний мэдлэгтэй байгааг илтгэдэг аж. Үүнээс л үүдэн нийгэмд "Тавдугаар ангийн хүүхдийг гуравдугаар ангийн мэдлэгтэй, есдүгээр ангийн хүүхдийг долоодугаар ангийн хүүхдийн мэдлэгтэй байна" гэх нийтлэг ойлголт гарсан аж. Угтаа сурагчид ямар ангид суралцаж байна түүнд тохирох дадал, чадварыг эзэмших ёстой. Тийм ч учраас сурагчдын хичээлийн хоцрогдолд бүх нийтээрээ анхаарч, эцэг эхчүүд, багш, сурагчид болон удирдлагын түвшний бүхий л хүмүүс хамтарч сурагчдын сурлагын чанарыг сайжруулах хэрэгтэй байна.

ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулагддаг “Улаанбаатар лиг” волейболын шигшээ тэмцээн эхэллээ
ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулагддаг “Улаанбаатар лиг” волейболын шигшээ тэмцээн эхэллээ
 
ПАРИС 2024: Монголын баг тамирчид Сена мөрнөө төрийн далбаагаа намируулав
ПАРИС 2024: Монголын баг тамирчид Сена мөрнөө төрийн далбаагаа намируулав
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц