Энэ сарын 10-12-ны өдрүүдэд болох Хилийн боомтуудын ачаа, тээвэр нүүрс нэвтрүүлэлтэд учирч буй хүндрэл бэрхшээлийг шалган тогтоох Түр хороо "Сонсгол" хийхээр болоод буй.
Тэгвэл УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн Т.Доржханд сонсголын талаар тайлбарлахдаа "Нүүрсний асуудлаарх сонсгол гурван өдөр болно. Шинжээчид ажиллаж байна. Миний хувьд Түр хорооны ажлын хэсгийн гишүүний хувиар, мөн нээлттэй сонсголыг санаачилсан гишүүний хувиар бол үүнд онцгой анхаарал тавьж ажиллах болно.
Хөгжлийн банк дээр үүссэн зээлийн гэрээ, санхүүжилт, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй холбоотой бүх асуудал нийтэд ил болсон шиг нүүрсний гэх тодотголтой хулгайн асуудал ч бүгд ил болох ёстой. Ирэх сард болох сонсголоор асуудал юунд байна вэ гэдгийг нийтэд илүү ойлгомжтой байдлаар ил болгох шаардлагатай. Яг одоогоор шинжээчид нотлох баримтууд дээр ажиллаад явж байгаа.
Прокуророос нүүрсний хэрэгт холбогдсон гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг сонсголоос өмнө УИХ-д оруулаад ирсэн шүү дээ. Уг нь сонсголоос гарах материалуудыг хүлээж авсны дараа прокурор асуудлуудаа нэг мөр оруулж ирсэн бол илүү зөв байх байсан юм болов уу гэсэн хүлээлт байсан. Гэхдээ асуудал дуусахгүй.
Хөгжлийн банкны сонсгол дээр бид өмнө нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, даргаар ажиллаж байсан бүх хүмүүсийг гэрчээр дуудсан байдаг. Яг л энэ зарчмаар нүүрсний сонсгол дээр хэрэгт холбогдож байгаа бүх хүнийг дуудах болно.
Ялгаатай нэг зүйл нь Хөгжлийн банкны асуудал дээр олон жил ажлын хэсгүүд гараад маш олон тодорхой баримт материалууд цугалчихсан байсан. Тиймдээ ч сонсголд олон хоног зарцуулсан. Энэ сард болох нүүрсний сонсголын хувьд гурван хоног болохоороо л ялгаатай. Сонсголоо нийтэд ил тод хийнэ. Хуулийн байгууллагууд дээр процесс өрнөөд явж байгаа.
Засгийн газар болон УИХ-аас чиглэл гарч шинжээчид томилогдон ажиллаж байгаа учраас цаг хугацааны хувьд богино хийгдэнэ гэж гэдгээрээ онцлог. Одоогоор цугласан материал маш бага. Гэхдээ аль болох шинжээчдийн баримтыг цуглуулах байдлаар бэлтгэл ажил хийгдэж байна. Тиймээс Түр хороо өөрт байгаа мэдээллүүдээ аль болох нийтэд ил болгох чиглэлээр илүү шахаж, шаардлага тавьж ажиллана" хэмээлээ.