УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хуралдсан. Тодруулбал, тэднийг нүүрсний гэх тодотголтой авлига, албан тушаалын гэмт хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа юм. Тэгвэл Халдашгүй байдлын дэд хорооноос тус гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Одоо уг асуудлыг МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэх бөгөөд араас нь ХЗБХ болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж санал дүгнэлтээ гаргана. Хууль зүйн байгын хорооны санал хураалт нууцаар явагдах бөгөөд гаргасан санал, дүгнэлтийнх нь дагуу УИХ-ын нэгдсэн хуралдаанаа уг асуудлыг хэлэлэж мөн адил нууц санал хураалтаар эцэслэн шийдвэрлэх хуультай.
Сануулахад, хуулийн Халдашгүй байдлын дэд хороо нь таван гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд УИХ-д хоёроос дээш удаа сонгогдсон, туршлагатай гишүүдээс бүрддэг юм. Энэ парламентын хугацаанд тус дэд хороонд Ц.Мөнх-Оргил, Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Сү.Батболд, С.Бямбацогт нарын гишүүд харьяалагдаж байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, "Ажнай" Д.Бат-Эрдэнэ нар ямар хэргээр шалгагдаж байгаа тухай "ЭХ СУРВАЛЖ: “Ажнай” 28.7 тэрбумын ногдол ашиг илүү авч Капитроноороо угаасан, Т.Аюурсайхан 1.6 тэрбумын хөрөнгөө тайлбарлаагүй, Н.Наранбаатар Б.Ганхуягт нөлөөлж хятадуудад давуу байдал олгуулжээ" нийтлэлийг энд дарж унших боломжтой.