АНУ-ын Вашингтон хот дахь "Synetic" театрын монгол жүжигчин Г.Занабазар "Гоо үзэсгэлэн ба араатан" жүжгийн араатны дүрд тоглож байгаа аж.
Тэрбээр өмнө нь У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Ромео, “Арван хоёр дахь шөнө” жүжгийн Фесте, “Питер Пэний адал явдал”-ын жүжигт Сүүдэр, “Нойрсож буй гоо үзэсгэлэн” жүжгийн ханхүүгийн дүрийг бүтээжээ.
Г.Занабазар нь Америкт мэргэжлийн жүжигчнээр төгссөн бөгөөд Вашингтон хотын “Synetic” театрт найман жил ажиллаж уг театрын ахлах жүжигчин болсон байна. Харин түүний аав Н.Ганхуяг АНУ дахь Монголын Соёлын элчээр ажилладаг. Тэрбээр “Миний хүү Г.Занабазар одоо Лос-Анжелес хотод Холливүүдийн жүжигчидтэй хамтран ажиллаж байна. Тэгээд гаднынхны сонирхлыг татсан тул миний хүүд зориулж Монголоос ирсэн залуугийн тухай өгүүлэх “Түүхэн кино” нэртэй зохиол бичсэн юм. Киноны зураг авалтыг нь хийгээд бараг дуусаж байгаа. Энэ хавар гэхэд олон нийтэд цацах байх. Монголчуудын талаар өгүүлэх сайхан кино болно байх гэж бодож байна” гэсэн юм.
“Гоо үзэсгэлэн ба араатан” жүжиг гуравдугаар сарын 03-наас тоглогдсон бөгөөд дөрөвдүгээр сарын 02-нд хаалтаа хийх юм.
Э.Ариунтуяа