Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа холбогдох албаныхны хамтаар нөөцийн махны борлуулалт болон бусад асуудлаар газар дээр нь хяналт, шалгалт хийж ажилласан байна. Тэгвэл нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор ХХААХҮЯ-наас 12 бэлтгэн нийлүүлэгч сонгон шалгаруулж, хаврын улирлын хэрэгцээнд зориулан 7858.9 тонн махны нөөц бэлтгэсэн аж.
Нөөцийн махны үнийг ХХААХҮЯ тогтоодог бол борлуулалтыг нийслэл хариуцдаг. Ийнхүү гуравдугаар сарын 15-наас нийслэлийн есөн дүүргийн 431 цэгээр нөөцийн махыг худалдаж буй бөгөөд борлуулалт эхэлснээс хойших хугацаанд нийт 80 тонн мах худалдаалжээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа “Махаа ангилж уутлахдаа өөх, махны хэмжээг тааруулах, ууталсан махаа зөөвөрлөхдөө шуудайнд бус, цаасан хайрцагт зөөвөрлөх шаардлагыг 12 бэлтгэн нийлүүлэгчдэд хүргүүлнэ” хэмээлээ.