Хөгжлийн банкны асуудлаарх нотлон баримтыг шинжлэн судлах гурван шатны сонсгол гурван сар гаруйн хугацааг дамнан үргэлжилж, өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн. Сонсголын сүүлийн өдөр ХАА, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур сүү хүлэмж, оёдлын салбарт хэрэгжсэн төсөл хөтөлбөр, түүнд олгосон зээлийг хэлэлцсэн. Энэ үеэр "Буян" ХХК-ийн Голомт банкаар дамжуулан Хөгжлийн банкнаас авсан гэх 14 тэрбум төгрөгийн зээлийн асуудал олон нийтийн анхаарлыг татсан юм. Гол асуудал нь, эл компани зээл авах үедээ зээлийн муу түүхтэй байснаас гадна өнгөрөгч есөн жилийн хугацаанд зээлийн эргэн төлөлт хийгээгүйд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Түр хорооны зарим гишүүд болон "Буян" ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Жаргалсайхан нарын хооронд маргаан ч үүсээд амжсан. Тэгвэл сонсголын эргэн тойронд яригдсан эл компанийн зээлийн асуудлын талаар "Буян" ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Жаргалсайхантай ярилцлаа.
-Өнгөрөгч долоо хоногт Хөгжлийн банкны сонсголд та биечлэн ирж оролцсон. Гэхдээ нэлээдгүй маргаан өрнөсөн. Энд гол яригдсан зүйл бол таны хамаарал бүхий компани 2012 онд 11.9, 2014 онд 14 тэрбум төгрөгийн зээл авсан ч өнгөрсөн хугацаанд эргэн төлөөгүй. Гэхдээ та сонсголын турш шинжээчийн эл дүгнэлт, Түр хорооны гишүүдийг үгүйсгэж харагдана лээ?
-Монгол Улс ардчилсан орон болж олон улсын хүний эрхийн конвенцид албан ёсоор нэгдсэн байдаг. Ингэхдээ хүний эрхийг дээдэлнэ, хүний нууц мэдээллийг хадгална гэх заалт бий. Гэтэл ноён Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар Голомт банкнаас худлаа хэлж байгаад мэдээлэл авсан. Тэр мэдээллээ ч ойлгож уншаагүй байгаа юм. Энэ бол хүний эрхэнд ноцтойгоор халдаж буй асуудал. Мэдээлэл авахаасаа өмнө надтай ч холбогдож хэлээгүй. Танай харилцагч банкнаас ийм мэдээлэл авах гэж байна, танд татгалзах зүйл бий юу гэх байдлаар надтай нэг ч удаа холбогдоогүй. Яахав. Олон жил нийгэмд болж болохгүй явж ирсэн зүйлийг ил гаргаж тавьж байгаа юм байна даа гэж бодоод би тэднийг хүндэтгээд сонсголд очсон. Би очихгүй ч байж болох байсан. Миний эрхийн асуудал. Би дуудаад байхаар нь очсон. Гэтэл зүгээр л хүний нэр хүндэд халдах гэж дуудсан юм билээ. Банкнаас мэдээлэл авах тал дээр хүний эрх зөрчсөн. Сонсголд оролцсон банкны удирдлагуудын зүгээс ч энэ байр суурийг илэрхийлсэн.
Хоёрдугаарт, намайг УИХ-ын гишүүн байхдаа нөлөөлж байгаад Хөгжлийн банкнаас зээл авсан гэсэн. Би 2004-2008 оны хооронд УИХ-ын гишүүн байсан. 2008 онд ажлаа өгөөд би өөртэй тань адил энгийн иргэн болсон. Миний нэр дээр хувь эзэмшдэг Буян ХХК дээр бизнесийн үйл ажиллагаа явагддаг. Бид 20 жилийн турш арилжааны олон банктай харилцаж, зээл авч, өгч ирсэн. Тухайн зээлийг 2012-2014 оны зээлүүдийг харахад, миний УИХ-ын гишүүн байсан хугацаатай зөрж байгаа биз дээ. Намайг нөлөөлсөн л гээд байгаа. 2008 онд УИХ-ын гишүүнээсээ больсон байхад яаж эрх мэдэл ашигласан болох юм. Он сар, өдрөөрөө зөрж байгаа нөхцөл.
Дараагийн асуудал. Улс төрийн албан тушаалаа ашиглаж зээл авсан байна гээд чичрээд дайрч байна лаа. Хүүгүй зээл авсан гээд ч хачирласан. Гадуур яваад үз дээ. Бүх л банкнууд ХХК бүртгэлтэй байгаа. Хүүтэй өгөх эсэх нь тэдний л асуудал. Нэг зүйл. Гадуур хүүгүй зээл өгөх банк байгаа юу. Байхгүй шүү дээ. Тухайн үед зээл 8-12 хувийн хүүтэй байсан. Банкны захирал “Хүүгүй мөнгө гэж юу байх вэ дээ” гэж хэлээд байхад хүүгүй мөнгө өгсөн гээд л дайрсан. Тэгэхээр л зорилго нь илт байгаа юм. Яаж Б.Жаргалсайханыг харлуулах вэ гэдэг зорилготой.
Хөгжлийн банк зээлээ арилжааны банкуудаар дамжуулж нөгөө хэсгийг нь шууд олгосон. Би Хөгжлийн банкнаас нэг цент ч аваагүй. Надад авах шаардлага байхгүй. Сонсголд оролцсон Голомтын төлөөллийн зүгээс “Бид Хөгжлийн банкны зээлээ хаачихсан. Энэ асуудлыг яриад байх зүйлгүй” гэж хэлчихсэн.
-Авсан зээлтэй холбоотойгоор Голомтын зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд яваа гэж хэлсэн?
-Бид энэ өр зээлийн асуудлыг Голомт банктай 2-3 жилийн хугацаанд ярилцсаар яваад хаасан. Гэтэл хаасан асуудлыг сөхөж гаргаж ирээд ярьж байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Буян” ХХК бас Б.Жаргалсайханы нэр хүндэд халдаж байгаа асуудал. Түүнийгээ ард түмний мөнгийг авсан гэж нэрлээд байгаа байхгүй юу. Би ард түмний халааснаас нэг төгрөг ч аваагүй. Арилжааны банкнаас зээл аваад буцаагаад төлдөг. Энэ асуудлыг бид шийдчихсэн. Болсон процесс нь энэ. Би Монгол Улсад эдийн засаг ямар байна, бизнес хийх орчин, аж үйлдвэржилт, мөнгө санхүү ямар байгаа талаар л ярих гэж очсон. Гэтэл намайг харлуулах арга хэмжээ болчихсон. Ж.Сүхбаатар нь “Чи дуугүй бай, эндээс гар” гэж нохой шиг хөөгөөд л. УИХ-ын гишүүн гэхээрээ хүн доромжилж болдог гэж хэн хэлсэн юм. Хаана тийм хууль байна. Дэндүү даварч байгаа хэрэг. Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар хоёр МАН-ын залуу үеийн шинэ коммунистууд болох гэж байна. Та нар хааны албан тушаалд очоогүй. Шударга үнэний төлөө ярьж байна гээд хувиараа бизнес эрхлэгчдийг нухчин дарж, нулимаж байгаад төрийн эрхэнд гарна гэж бодоод байна.
-Та тэгээд зээлээ төлчихсөн гэж байгаа юм уу?
-Өөр яасан юм бэ. Б.Жаргалсайхантай асуудлаа шийдэж чадахгүй байна гээд Голомт банк нь гомдол бариад оччихсон юм уу. Банкны эмэгтэй сонсголын үеэр тодорхой хэлж өгсөн. Намайг юм яриулаагүй шүү дээ. Харин сүүлд нь ХҮН намын Т.Доржханд гишүүн хаа очиж зөв асуулт тавьсан. Тэгж байж хэдэн зүйл ярьсан. Тэнд харагдсан нэг зүйл нь, Т.Доржханд тэр дундаа хөгжсөн Монгол орны төлөөлөл сууж харагдана лээ. Нөгөө хоёр нь яг л большвик.
-Голомт банктай яриа хэлэлцээр болж энэ асуудлыг хаасан гэлээ. Тодруулж болох уу?
-Тэр бол компани хоорондын асуудал. Голомт гомдол байхгүй. Бид энэ асуудлыг шийдчихсэн. Бусад нь та нарт хамаагүй. Дахин хэлье. Би Голомт банкаар дамжуулж Хөгжлийн банкнаас нэг төгрөг ч аваагүй. Хөгжлийн банк гадаадаас бонд босгож 2014 онд тарааж идэцгээсэн юм билээ. Тэр надад ямар ч хамаагүй.
-Монголын төрд хулгай, дээрэм ярихаас өөр чухал ажил байхгүй юм уу-
-Тухайн үед танай компани зээлийн муу түүхтэй байхад Голомт зээл олгочихсон юм байна лээ шүү дээ?
-Нэг зүйлийг хэлье. Эдийн засаг нэг уруудаад, өгсөөд л явж байгаа. Сүүлийн 2-3 жил коронавирусээс болоод дампуурч, цалингаа ч тавьж чадахгүйд хүрсэн. Тийм юм болно гэж жишээлбэл би яаж мэдэх юм. Түүнд намайг буруутгаад байгаа юм уу. Тэглээ гээд арилжааны банктай хийсэн гэрээ хэлэлцээрийг манай нөхдүүд л хамтарч шийдэж дуусгана шүү дээ. Тэдний өмнөөс Ж.Сүхбаатар ирж хаах уу. Б.Энхбаяр ирж өрийг нь дарах уу. Зүгээр л энэ асуудлаар улс төр хийж байна.
Хоёрдугаарт, сүүлийн 6-7 жил хулгай дээрэм ярьлаа. ЖДҮ, ХБ, төмөр зам, нүүрс гээд л. Энэ бүхэнтэй тэмцэх ёстой. Үүнтэй тэмцэхийн тулд хууль хүчний байгууллагууд нь төрөөс цалин аваад ажиллаж л байгаа. Тэд нар л ажлаа хийх ёстой. Төр засгийн ажил хулгай юм уу. Төр засаг нь яаж залуучуудаа ажилтай болгох вэ, аж ахуйн нэгжүүдээ өөд нь татах вэ, хэрхэн хүнсний нөөцөө бий болгох вэ гэх мэтээр шийдэх асуудал их байна. Гэтэл яаж хулгайч нартайгаа тэмцэх талаар л ярьж байна. Доогуур албан тушаалтай хүмүүсийг нь шоронд хийж, дарга нарыг хийхгүй. Тэгэнгүүт оронд нь өөр нэг хулгайч томилдог. Хулгайтайгаа тэмцэх арга нь ингээд л дуусчихдаг. Гэхдээ энэ бол миний хувьд чухал асуудал биш.
Миний хувьд Монгол Улсын эдийн засаг чухал. АН-ын үед долларын ханш 1500-1700 байсан. Дараагаар нь МАН төр барих үед 2600-2700 болсон. Нэг мянган төгрөгөөр нэмэгдсэн. Долларын ханш дахиад л нэмэгдсэн. Үүнийг дагаад юмны үнэ хоёр дахин нэмэгдчихээд байна. Гэтэл төрийн албан хаагчдын цалинг арван хувиар л нэмсэн. Ингээд юу өөрчлөгдөх юм. Цалингаа 2-3 дахин нэмэхгүй бол амьдрах арга алга байна. Гэтэл та нар хулгай дээрэм л яриад байна. МАН үүнийгээ 6-7 жил ярьлаа. Сонгууль болсон ч буцаад л хулгайч нараа сонгодог шүү дээ.
-Татвар төлөгчдийн мөнгөөр компаниудын алдагдлыг нөхөх нь зохистой үйлдэл юм уу?
-Монголд бизнес хийх ямар ч орчин алга. Бизнес хийвэл алдагдалд орно, өрөнд орно. Ард түмэн гэж яриад байна. Би ард түмэн биш үү. Манай хамт олон, тэнд байгаа тариаланч ногоочид, малчид үйлдвэрлэгч нар ард түмэн биш юм уу. Гэртээ суугаад нийгмийн халамж хүртдэг нь ард түмэн, ажиллаад явж байгаа нь хог новш болох юм уу. Өнөөдөр төсвийн орлогыг татвар төлөгчид бүрдүүлдэг. Татвар төлөгч гэж хэн юм. Үйлдвэрийн эзэд, компанийн захирлууд, бизнес эрхлэгчид, өмчтөнгүүд татвар төлдөг байхгүй юу. Өмчгүй юу ч үгүй хүн татвар төлдөггүй л байхгүй юу. Гэтэл татвар төлж буй хэдэн компаниудаа парламент нь авч хэлэлцээд, нулимаад сууж байна. Ийм байвал хэн татвар төлөх юм. Ж.Сүхбаатар уу. Б.Энхбаяр уу. Тэр хоёр насаараа төрийн албан хаагч хийсэн юм билээ. Б.Энхбаяр ХЗДХ-ийн дэд сайд хийж байхдаа шударга ёсоо тогтоохгүй яасан юм. Хийгээгүй биз дээ. Ж.Сүхбаатар нь нэг намаас нөгөө намын хооронд л үсэрч явсан хүн. Татвар төлөгчдийг ингэж харлуулж болохгүй.
-Хөгжлийн банк дээр хамгийн түгээмэл харагдсан дүр зураг нь зээллдэгч нар авсан санхүүжилтээ бодит ажил болгож чадаагүй явдал. 2014 онд гарсан зээлийн санхүүжилт тань бодит ажил болж чадсан юм уу?
-Бид Германы үйлдвэрийн машинууд авсан юм. Түүний санхүүжилтэд тэр мөнгийг зарцуулсан. Хоёрдугаарт, манай үйлдвэр жилд нэг мянган тонн ноолуур боловсруулаад сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой. Нэг мянган тонн ноолуур өнөөгийн ханшаар нэг миллиард 500 сая төгрөг. Тийм мөнгө бидэнд өгч байна уу. Бид үйлдвэрээ өнөөдөр тавхан хувьтай ажиллуулж байна. Би яагаад арын хаалгаар зээл байгаа вэ. “Говь” ХХК бол авсан байна лээ. Тэд авчихаж. “Говь” ХХК бол Ц.Баатарсайханых. Би “Буян” ХХК-ийн захирал. Би арай урт болохоор надад зээл өгөхгүй байгаа юм уу /инээв/. Яагаад тэр аваад байгаа юм. Нэг зээлдэгчид хэчнээн хувиас илүүг өгөхгүй гэдэг заалтууд хаачсан юм. Бүх банкаар дамжуулаад өгчихсөн. Би тэгж аваагүй.
-Гэхдээ шинжээчийн дүгнэлт дээр таны хамаарал бүхий компани гэж гарч ирсэн нь бодитой шүү дээ?
-Үгүй шүү дээ. Тэр чинь 2012 онд авсан зээлийг 2014 онд Хөгжлийн банкнаас зээл авсан болж харагдуулаад байгаад л асуудал байна. Ж.Сүхбаатар, Б.Энхбаярын гүтгэлгээр энэ асуудлыг шийдчихгүй.
-Хөгжлийн банкны сонсголоор далимдуулж Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар хоёр нэр хүнд олох гэж явж байна-
-Таныг Түр хорооны дарга "Төрийн хайрыг их хүртсэн хүн байна" гэж хэлсэн. Та үүнтэй санал нэгдэж байна уу?
-Төр засгийн хайрыг хүртээд элдэв одон медаль аваад байсан зүйлгүй. Төрөөс ямар нэгэн албан тушаал авсангүй. Ипотекийн зээл авч байшин орон байр аваагүй. Монгол Улсдаа 100-гаад сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Би хоёр гурван ч үйлдвэр барьсан. Дээрээс нь нэлээн олон аж ахуйн нэгжүүдийг бий болгосон. Бизнес хийх боломжийг нь өгөхгүй байна. Нэг бол улс төржүүлээд, нэр хүндэд нь халдаад, доромжлоод байна. Тэгвэл миний энэ хохирлыг хэн төлөх юм. Засгийн газар уу. Б.Энхбаяр уу. Дотоодын хөрөнгө оруулагч хүн биш. Гадаадын хөрөнгө оруулагч л хүн юм уу. Урьд өмнө нь Монгол Улс Говь гэдэг ганцхан ноолуурын үйлдвэртэй байлаа. Одоо арваад үйлдвэртэй болсон. Ийм байхад үйлдвэрлэгч нараа гишгэж нулимаад байгаад асуудал байна.
-Гурван шатны сонсгол болж өндөрлөлөө. Та сонсголд ямар дүгнэлттэй үлдэв?
-Ардын нам. Ардчилсан нам. Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр хоёр нэр хүнд олох гэж явж байна. Дахиад сонгуульд нэр дэвших гэж бодож байна. Энэ бол МАН-ын залуу үеийн большвикууд болчиход байна шүү дээ. Ногоон малгайтны замаар явах гэж байна. Цагдаа улс байгуулаад, дарга нараас бусдыг нухчин дарж, дуртай өмчөө хурааж авдаг зүйлд л тунхаглах гэж байна. Татвар төлөгчдийг яагаад ингэж дарамтлаад байгаа юм бэ. Хэн зам тавьж, хэн уурхай дээр ажиллаад байгаа юм бэ. Бизнес эрхлэгчид шүү дээ. Толгойгоороо хариуцлагаа үүрээд явж байгаа хүмүүс. Дэмжлэгээ хариуцлагатай өгөөд явах нь төрийн үүрэг.
-Ярилцсанд баярлалаа.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ: