Нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ гэсэн гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын санал ойрын хугацаанд УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд орж ирэх гэж буй. Тэгвэл дээрх гишүүдийг түдгэлзүүлэх саналд УИХ-ын бусад гишүүд хэрхэн байр суурьтай байгааг хүргэж байна.
“Нүүрсний хэрэг Ардчилсан намтай холбоогүй. МАН-ын төрийн эрх барьсан цагаас үүссэн”
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: 2016 оноос хойш өнөөдрийг хүртэлх 7 жилий хугацаанд МАН эрх барьж байна. Цаашлаад 33 жилийн хугацаан дахь асуудлыг яривал дөрвөн жилээс бусад үед өнөөгийн эрх баригчид л төр барьж байсан. Өнөөдөр нүүрсний хулгай, Хөгжлийн банкны асуудал, ЖДҮ зэрэг олон булхай луйварт цэг тавих ёстой. Гэтэл нөхцөл байдал арай өөр түвшинд байна.
Зарим жижиг дарга нар нь их хэмжээний хөрөнгө мөнгө нууж байсан нь газар дээрээ баригдлаа л гэж ярьдаг. Торгууль төлөөд л мултарчхаж байна шүү дээ. Дээд түвшинд нэр холбогдсон хүмүүсийн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдаад УИХ-д яг өргөн барих болоход Ардчилсан намын хүмүүсийн нэрийг хавсаргаад яриад байгаад л гайхаад байна. Ардчилсан намынх гээд хүмүүсээ өмгөөлөөд байгаа хэрэг биш.
Эрх баригч нам 2016 оноос хойш төрийн эрх барьж байж тухайн үед нүүрсний хэргийг шалгаж байхгүй юу хийсэн юм гэж боддог. Эрх баригчид долоон жил явсан “арга ясаа” даахгүй болоод ирэхээр намынхаа нэр хүндийг бодож хүн хэлмэгдүүлэх ажиллагааг хийх гэж байгаа юм биш биз гэсэн хардлага төрж байгаа. Тэгэхээр УИХ-ын чуулган дээр прокуророос гурван гишүүний асуудлыг оруулж ирэх байх. Нээлттэй асуулт хариултууд ч болох байх. Үнэхээр тодорхой хүмүүсийг УИХ хамгаалахгүй л байх. Гэтэл тодорхой бусаар хэлмэгдэх гэж байгаа хүмүүс байвал бодож үзэх л ёстой асуудал.
“Төрд нүүрлэсэн авлига, хулгайн хэргийг таслан зогсоох гэж УИХ, Засгийн газар өөрсдөө эхэлж ШҮГЭЛ үлээсэн”
УИХ-ын гишүүн Э.Батшугар: УИХ, Засгийн газар нүүрсний хулгай, төмөр замын асуудлыг түрүүлж шүгэл үлээж нийгмийн анхааралд оруулсан нь давуу тал. Хүссэн хүсээгүй төрд нүүрлэсэн авлиглыг таслан зогсоохын тулд зоригтойгоор тэмцэж чадаж байна гэж ойлгож байгаа. Прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналаар орж ирэх гишүүдийн мэдээлэлтэй нарийн танилцаагүй байна.
Хэрвээ прокуророос УИХ-ыг мэдээллээр хангаж асуудлыг оруулж ирэхдээ үнэхээр нэр бүхий гишүүд гэм буруутай бол түүнийг нь шүүх эцэслэж тогтоох байх. Тиймээс миний хувьд УИХ-д прокурорын оруулж ирэх мэдээллийг сонсож байж түүнд дүгнэлтээ хийх болно.
“Прокурор мэдээллээр хангасны дараа шийдвэрээ гаргана”
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Одоогоор надад мэдээлэл байхгүй байна. Тиймээс дүгнэлт хийх боломжгүй. УИХ-д прокуророос түдгэлзүүлэх саналтай оруулж ирэх УИХ-ын нэр бүхий гишүүдийн асуудлыг тодорхой ярьж мэдээллээр хангах байх гэж найдаж байна. Үүний дараа тодорхой шийдвэр гаргах байх.
“Гуя дагуулж хүзүү гэдэг шиг МАН хоёр гишүүнийхээ хамтаар манай намын Д.Бат-Эрдэнийг явуулах бодолтой байгаа”
УИХ-ын гишүүн Н.Ганибал: Хараад байхад бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж байгаад шалгуулах хүсэлтэй хоёр гишүүн байгаа шүү дээ. Үүнээс гадна АТГ-аас зарлаад байгаа гурван нэр бүхий гишүүний асуудал яригдаж байгаа.
Ер нь төрийн ямар нэгэн өмчтэй, бизнесийн шийдвэр гаргаж л байх юм бол түүний ард дандаа дарга нар буюу шийдвэр гаргаж байгаа эрх мэдэлтнүүд холбогдож байна. Нүүрсний хулгайн хэрэг ч мөн онолоороо энэ агуулгаар явж байна шүү дээ. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгана гэсэн УИХ-иын гишүүдийн дотор манай намын гишүүн Д.Бат-Эрдэнийн нэр явж байна лээ.
Зүгээр л гуя дагуулж хүзүү гэдэг шиг л юм болж байна. Эрх баригч намын гишүүд өөрсдөө авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдоод ирэхээрээ муухай харагдахгүй гэсэндээ цөөнх болсон сөрөг хүчнээ хөлдөө чирэх гэсэн оролдлого явж байна. Д.Бат-Эрдэнэ гишүүний хувьд олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн нэг хэсгийн хувьцааг л эзэмшдэг хүн. Гэтэл хувьцаа эзэмшигч өөрийнхөө өмчөөс хулгай хийнэ гэдэг ойлголт байхгүй.
Харин тогтмол удирдлагыг нь сольдог төрийн өмчит компаниудад авлигал, албан тушаалын гэмт хэрэг гарах магадлал өндөр. Тиймээс гуя дагуулж хүзүү гэдгээр манай намын нэг гишүүнийг чирч байгаад л миний дургүй хүрээд байна.
“Шүүх гэм бууруутайг эцэслэн тогтоогоогүй цагт хэнийг ч хэлмэгдүүлж болохгүй”
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Мэдээлэл байхгүй байна. Энэ долоо хоногийн УИХ-ын ээлжит чуулганаар прокуророос энэ асуудал орж ирж яригдвал нухацтай анхаарч үзэх нь мэдээж.Гэхдээ шүүх гэм буруутайг эцэслэн тогтоогоогүй байхад хэнийг ч наана нь буруутай гэж яллаж болохгүй гэдгийг Үндсэн хуульд зааж өгсөн байдаг. Тиймээс миний хувьд прокуророос орж ирэх мэдээллийг хүлээж ажиглаж байна даа.