УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.03.20/ хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцлээ.
Нэгдүгээрт, УИХ-ын хаврын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэх хуулийн төслүүдийн талаарх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг сонслоо. Авлигатай тэмцэх чиглэлд бодлогыг чангатгах хуулиуд, Аялал жуулчлалын тухай хууль зэрэг нийт 50 гаруй хуулийг хаврын чуулганаар хэлэлцэхээр тогтлоо.
Хоёрдугаарт, УИХ-ын 2022 оны намрын чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажиллах үеэр иргэдээс гарсан саналуудыг нэгтгэн, Засгийн газарт хүргүүллээ.
Иргэдээс гаргасан саналуудыг багцалж, 10 саналыг эрэмбэлэн Засгийн газарт хүргүүлахээр шийдвэрлэлээ.
- Нэгдүгээрт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляц нэмэгдэж буй асуудал
- Хоёрдугаарт, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж амьжиргааны түвшинд хүрэлцэхгүй байгаа асуудал
- Гуравдугаарт, бүх төрлийн зээл олголт эрс багассантай холбоотой арилжааны банкнуудын зээл олголтыг нэмэгдүүлэх
- Дөрөвдүгээрт, Хөдөө, аж ахуйн бүтээгдэхүүн болох мах, арьс, ширний үнийг нэмэгдүүлэх
- Тавдугаарт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг олгох
- Зургаадугаарт, Хүүхдийн мөнгийг 91 хувьд бус “Хүүхэд бүрд олгох
- Долоодугаарт, Нийслэлийн түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах
- Наймдугаарт, Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, энэ чиглэлд ялын бодлогыг нэмэгдүүлэх
- Есдүгээрт, Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжих явцад орон нутагт бэрхшээл үүсэж буй асуудал
- Аравдугаарт, Төрийн боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажил гүйцэтгэх сайжруулах, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх
Дээрх 10 саналыг Засгийн газрын хурлаараа хэлэлцэж, шийдвэр гаргах чиглэлийг өгөв.