Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат өнгөрөгч долоо хоногт Төрийн ордонд болж өндөрлөсөн. Сонсголын сүүлийн өдөр ХАА, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур сүү хүлэмж, оёдлын салбарт хэрэгжсэн төсөл хөтөлбөр, түүнд олгосон зээлийг хэлэлцсэн юм.
Энэ үеэр ХБ-наас 8.2 тэрбум төгрөгийн зээл авсан "Грийн Сити Гарден" ХХК-ийн зээлийн мэдээллийг танилцуулсан юм. Эл компани нь өвлийн хүлэмж байгуулах төслийн хүрээнд Голомт банкаар дамжуулан Хөгжлийн банкаас 2014 онд 8.2 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. "Грийн Сити Гарден" ХХК-ийн эцсийн өмчлөгч нь Д.Баясгалан бөгөөд Гүйцэтгэх захирлаар Ж.Эрхэмбаяр ажилладаг байна. Харин Ж.Эрхэмбаяр нь ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатарын төрсөн ах бөгөөд сонсголын үеэр улс төрд нөлөө бүхий этгээд гэдгээр танилцуулагдсан юм.
Зээлийн нийт санхүүжилтээс 2.5 тэрбум төгрөгийг хадгаламжийн дансанд байршуулсан нь зээлийн гэрээнд заасан зориулалтыг зөрчсөн гэж шинжээч үзсэн юм.
Эл зээлийн асуудалтай холбогдуулан ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан "2014 онд Голомтын Б.Баясгалангийн авсан зээл. Надтай ямар ч хамаагүй" гэв.