ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд цэргийн довтолгоог эхлүүлснээс хойш анх удаагаа Донбасст очсон байна. Мариуполь хотын хувьд дайны хөлд хамгийн ихээр сүйдсэж олон хүн амиа алдсан билээ.
Харин Олон улсын эрүүгийн шүүх В.Путинг баривчлах шийдвэр гаргасны дараа ийнхүү айлчлал хийж буй нь илт эсэргүүцсэн үйлдэл гэж ажиглагчид үзлээ. ОХУ-ын шадар сайд Марат Хуснуллин Путиныг дагалдаж, Мариуполь хотын сэргээн босголтын ажлын талаар тайлагнажээ. “Путин хотыг хэрхэн сүйтгэж, газрын хөрстэй тэгшилснээ өөрийн нүдээр харах гэж иржээ” хэмээн Украины эрх баригчид үзэж байна.
Өнгөрсөн оны гуравдугаар сард хүүхэд, эмэгтэйчүүд голдуу 1300 орчим хүн хоргодож байсан Мариуполь хотын театрыг ОХУ агаараас бөмбөгдсөний улмаас 300 гаруй хүн амиа алдсан.
Оросын цэргийн ажиллагаанаас болж тус хотын нийт орон сууцны 90 орчим хувь нь сүйдсэн гэж НҮБ-ын тайланд дурддаг байна.
Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүх Украины дайнтай холбоотойгоор Оросын эсрэг албан ёсоор хэрэг үүсгэсэн. Тус шүүх өнгөрсөн баасан гарагт Владимир Путиныг Украины хүүхдүүдийг эх орноос нь албадан гаргасан хэрэгт буруутган баривчлах шийдвэр гаргасан. Гэхдээ ОХУ олон улсын эрүүгийн шүүхийг хүлээн зөвшөөрөөгүй учир шүүхээс гаргасан шийдвэр нь Оросын хувьд хууль зүйн хүчингүй гэж тус улс мэдэгджээ.
Эх сурвалж: BBC