Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь удаагийн нээлттэй сонсгол дөрөв дэх өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор экспортыг дэмжих импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төслийн асуудлыг хэлэлцэж байгаа юм.
"Азийн бамбар" ХХК нь барилгын эсгийн дулаалга төслийг санхүүжүүлэхээр Хөгжлийн банкнаас Капитал банкаар дамжуулан 5.7 тэрбум төгрөгийн зээл авчээ. Ингэхдээ зээлийн санхүүжилтээс 2.2 тэрбум төгрөгийг бэлнээр зарлагадаж, 2.3 тэрбум төгрөгийг гадаад гүйлгээгээр шилжүүлсэн байна. Түүнчлэн зээл төлөлтөд 533 сая төгрөгийг зарцуулжээ.
Эл компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Д.Тэгшжаргал бөгөөд түүний хувьд зээлийн гэрээнд УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн туслах Г.Аюулгүйн хамтаар гарын үсэг зурсан болохыг шинжээч сонсголын үеэр танилцуулсан юм.