Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Мөсөн дээр мөнгөн аяга Хоккей тэр юу вэ

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
6 минут 28 секунд

18 хүртэлх насны Өсвөрийн Азийн аварга шалгаруулах шайбтай хоккейн тэмцээн манай улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ сарын 11-17-ны өдрүүдэд үргэлжилж буй. Өнгөрсөн амралтын өдрөөр нээлтээ хийсэн тус тэмцээнд нийт зургаан орны баг тамирчид оролцож байгаа ба тэмцээний гурав дахь өдөр Степп Арена Мөсөн Өргөөд үргэлжилсээр.

Одоогийн байдлаар манай улсын тамирчдын хувьд гурав тоглож хоёр хожил, нэг хожигдолтой яваа. 60 жилийн өмнө анх хорооллын дэнж дээр задгай талбайд нээлтээ хийж Ю.Цэдэнбал тэргүүтэй тухайн үеийн төр, нийгмийн зүтгэлтэн, иргэд гулгаж байсан мөсөн талбай өнөөдөр жилийн дөрвөн улирлын турш бэлтгэл хийх боломжтой, битүү дээвэртэй ордонтой болоод хоёр дахь жилийнхээ хавартай золгожээ.

Уг тэмцээнийг зохион байгуулах эрхийг өнгөрсөн зургаадугаар сард ОУ-ын Мөсний Хоккейн холбооноос их хурлаар шийдвэрлэснээр ийнхүү анх удаагаа манай улсад зохион байгуулагдаж байна. Тэгвэл Ubn.mn сайтын сурвалжлах баг Степп Аренаг зорьж дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

Тэмцээний гурав дахь өдөр,

Гэрэл зургийг: Монголын Хоккейн холбоо

Биднийг очиход Баруун Азийн хамгийн баян, хамгийн олон хүн амтай Дубай хотын Араб залуус, Туркменистан улсын тамирчдын хооронд тоглолт үргэлжилж байлаа. Хоёр багийн хувьд хэн хэн нь нэг хожил, нэг хожигдолтой яваа. Тоглолтын эхний минутад Туркменистан улсын тамирчид эхний оноог багтаа авч тооны харьцааг 2-0 болгон тэргүүллээ хадгалсаар I үе өндөрлөсөн юм.

Бид Туркменистан улсын өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч Гуванчмурат Жампаровоос тэмцээний талаар зарим зүйлийг тодруулахад,

Хоккей бол эрчүүдийн спорт тиймээс гэмтэл бол байдаг л зүйл

“Хагас жилийн турш бэлдсэн тэмцээндээ зорьж оролцож байгаадаа баяртай байна. Монголын уур амьсгал манайхтай төстэй санагдаж байна. Сэрүүхэн цэвэрхэн, тохилог орчинд тоглох сайхан байна” хэмээв.

Мөн Иран улс, Узбекистан улсын тамирчидтай тоглоход эсрэг багийн тамирчдын эгэмний яс, хөл хугарсан талаар хэлэхдээ, “Оросууд бид “Хоккей бол эрчүүдийн спорт” гэж ярьдаг тийм ч учраас үүнийг байдаг л зүйл гэж бодож байна. Энэ бол хэвийн үзэгдэл шүү дээ” гэсэн юм.

Туркменистан улсын хувьд Тайландын тамирчидыг хожиж, Узбекстаны тамирчдад хожигдоод байгаа юм.

Харин эсрэг баг болох АНЭУ-ын өсвөрийн шигшээ багийн ахлагч Саид Файсал Алсувайди сэтгэгдлээ илэрхийлэхдээ

Узбекистан болон Монгол Улсын тамирчид хамгийн хүчирхэг баг

“Өнгөрсөн онд Тайланд улсад зохион байгуулагдсан олон улсын тэмцээнээс энэ удаагийн тэмцээн илүү эмх цэгцтэй зохион байгуулалт сайтай болж байна. Тамирчид маань ч илүү тав тухтай байгаа. Монгол Улсын тамирчидтай тоглоход нэгнээ илүү мэдэрдэг нэгдмэл, багийн ажиллагаа сайн гэдэг нь ажиглагдаж байсан. Мөн Узбекистан болон Монгол Улсын тамирчид хамгийн хүчирхэг баг” хэмээн онцолсон юм.

Гэрэл зургийг: Монголын Хоккейн холбоо

Тоглолтын II үед Араб тамирчид нэг гоол оруулж онооны харьцааг 1-3 болгон ойртууллаа. Гэвч төд удалгүй тоглолтын 46 минутад 12 дугаартай тоглогч Александр Семенов гоол оруулж, хүндхэн байдалд байсан АНЭУ багийнхаа оноог 2-3 болгон өөрчилсөн нь тэдний багт итгэл найдвар өгсөн юм.

Тоглолт ийнхүү үргэлжилсээр онооны харьцаа 6-2-ыг зааж байхад тоглолтын сүүлийн 53 дахь минут өнгөрөх үед Туркменистаны багаас хожлын гоол оруулж 7-2 оноогоор ялалтаа бататгав.

Уралдсан хоёрын нэг нь түрүүлдэгийн жишгээр шүгэл дугарч цаг дуусахад хожсон багийн тамирчид цацсан шагай шиг баярлалдан талбайд тархаж байсан бол хожлоо алдсан тамирчид соронзонд татагдсан төмрийн ялтас шиг цугларан нэгнээ дэмжин, биенээ тайвшруулсаар талбайгаас бууж байв.

Гэрэл зургийг: Монголын Хоккейн холбоо

Ийнхүү дараагийн тоглолт эхлэх хүртэл Мөсөн ордонд цугласан хөгжөөн дэмжигчдийг хэсэг ажвал дийлэнх нь багачуул байв. Түүхэндээ анх удаа зохиогдож буй тэмцээн учир ихээхэн анхаарсан нь илт. Харуул хамгаалалтаа сайжруулахаар эргүүлийн цагдаа нар ч иржээ.

Мөн “Хамтдаа түүх бүтээлцэж” яваа хөгжөөн дэмжигчид, бүжигчин охид, сайн дурын ажил хийж буй залуус ч үүгээр түүгээр хэлхэлдэнэ. Kiss camera, Dance camera ч ажлаа хийсээр. Дуранд өртсөн манайхан ичиж улайх нь ч энүүхэнд. Бараг л чинжүү залгичихсан аятай л.

Дээр нь “Отгон-Од Бласт” хоккейн багийн өмсгөл өмссөн бяцхан жаалууд хажуугаар өнгөрөхдөө “Амьдаар нь яг хажуунаас нь үзэх гоё байна” хэмээн амандаа бувтнацгаана. Ах нарыгаа дэмжихээр аав ээжтэйгээ ирсэн клубийн тамирчид аж. Ийнхүү Монгол Улсын нутагт анх удаа зохион байгуулагдаж буй түүхэн тэмцээн болж буй нь ирээдүйд манай улсын хоккейн баг тамирчдын чанар чансааг ч олон улсад хүлээн зөвшөөрүүлэх эхний алхам болж буй юм.

Ямартай ч хортой шартай залуусын чангахан тоглолт, чансаатай тэмцээн үргэлжилсээр энэ сарын 23-27 хүртэл насанд хүрэгчдийн ДАШТ мөн манай улсад анх удаагаа болохыг энэхүү ташрамд дуулгая.

Э.Ариунтуяа

СОНСГОЛ: ХБ-наас Ноолуур төслийн хүрээнд олгосон зээлээс 8.8 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөөгүй байна
СОНСГОЛ: ХБ-наас Ноолуур төслийн хүрээнд олгосон зээлээс 8.8 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөөгүй байна
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.