Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

76+76 гэсэн томьёоллоор гишүүдийн тоог нэмж, сонгуулийн холимог тогтолцоог тусгах хүрээнд л ҮХНӨ-ийг явуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 45 секунд
Гэрэл зургийг Mpa.mn

Хаврын улс төр энтертайнментаар дүүрэн байх нь гарцаагүй. Сонгуулийн өмнөх жил гэдэг утгаараа улс төрийн хүрээнд багагүй тоос, шороо манаргах биз. Харин ямар нэгэн тахилын хоньтой байх уу, үгүй юу гэдэг л сонин байна.

Мэдээж, чуулган халуун сэдвүүдээр эхэлнэ. Н.Учралын хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг, хоёр гишүүний өргөдөл, яллагдагчаар татагдах гишүүдийн асуудал гээд улс төр саарал ордондоо багтаж ядах нь ойлгомжтой. Эдгээрээс гадна энэ хаврын хамгийн том сэдэв бөгөөд үйл явдал бол ҮХНӨ юм. Тогтолцооны өөрчлөлт гэж нэрийдээд буй уг өөрчлөлтийг Г.Занданшатар тэргүүтэй УИХ, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй МАН-ынхан үнэхээр хийх гэж буй бол маш бага хугацаа үлдээд байна. Магадгүй ирэх дөрөвдүгээр сарын эхээр л эхлүүлэхгүй бол цаг хугацааны хайчин галд хавчуулах эрсдэлтэй.

Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар удтал хүлээгдээд буй ҮХНӨ-ийг явуулахаар МАН-ынхан ойлголцсон хэвээрээ байгаа. Ялангуяа намын дарга, генсек нар энэ байр сууриа тултал зүтгүүлж явна. Ингэхдээ зөвхөн гишүүдийн тоог нэмэх, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна гэдэг агуулгын хүрээнд л өөрчлөх нь зөв гэж тохирсон байна.

Учир нь бусад өөрчлөлтүүдийг хийхэд нэгдүгээрт цаг хугацаа их зарцуулна. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох зэрэг бусад өөрчлөлтүүд дээрээ нэгдсэн нэг ойлголтод хүрч чадахгүй байгаа аж. Тиймээс зөвхөн гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоо хоёрыг энэ удаагийн ҮХНӨ-өөр хийх гэнэ. Харин холимог дотроо нэг том мандаттай байх уу, мажоритар байх уу. Мөн намын нэрийн жагсаалт нь хаалттай юу, нээлттэй юу болон намуудын босго оноо зэрэг нарийн зохицуулалтуудыг сонгуулийн тухай хуулиараа нарийвчилж зааж өгөх аж.

Мөн үүнтэй уялдуулан улс төрийн намын тухай хуулиа шинэчилж батлахаар төлөвлөөд буй ажээ.

Харин гишүүдийн тоог одоогийн байдлаар 76+76 буюу 152 гишүүнтэй болгож нэмэгдүүлнэ гэдэг яриа одоогоор улс төрийн хүрээнийхэн дунд яригдаж байна. Ардын намынхан өнгөрсөн 2019 оны ҮХНӨ-ийн үеэр гишүүдийн тоог нэмэх асуудлыг хөндөж, Ерөнхийлөгч Х.Баттулга 108 болгох санал гаргасан ч дэмжигдээгүй үлдсэн түүхтэй. Судлаачид болон улстөрчид гишүүдийн тоог нэмж 108, 99, 130 болгох зэрэг хэд хэдэн саналуудыг өнгөрсөн хугацаанд гаргаад байсан юм.

Энэ удаад ямар ч байсан 152 гэдэг тооноос гишүүдийн тоо эхэлж байна. Магадгүй явцын дунд 108 болж буурах магадлалтай. Ер нь жагсаалтаар орж ирэх гишүүдийн тоо өндөр байх тусмаа намын дарга болон удирдах албан тушаалд байгаа хүмүүст ашигтай. Жагсаалтыг “зурах” гол хүмүүс бол намын дарга, генсек хоёр байдаг. Намын жагсаалтад орсон хүмүүс дээрээ тойргоос гаргасан гишүүдээ “барьсан” нөхцөлд гүйцэтгэх засаглал тогтвортой ажиллах боломж бүрдэнэ. Цаашлаад парламент дээр бодлогоо хамгаалах, хуулиа батлуулах зэргээр эрх барьж буй намд боломж үүсэх магадлалтай юм.

Г.Лхагвадорж

ХӨНДӨХ СЭДЭВ: Хичээлийн үеэр өмдөндөө бие зассан хүүхдүүд өөрсдийгөө сургууль, нийгмийн орчноос тусгаарлаж байна
ХӨНДӨХ СЭДЭВ: Хичээлийн үеэр өмдөндөө бие зассан хүүхдүүд өөрсдийгөө сургууль, нийгмийн орчноос тусгаарлаж байна
 
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.