Бүүвэйн дуу аялан суухдаа эмэгтэй хүн, ээж хүн хамгийн аз жаргалтай байдаг биз. Тэр ч утгаараа МУСТА, дуучин А.Түмэн-Өлзий сайхан ижийдээ зориулан "Тийм яруухан" VIP тоглолтоо хийхээр болжээ. Түүний хувьд өөрийн өвөрмөц хоолой, содон өнгө аясаараа бусдаас ялгарч, шударга зан наргианч байдлаараа хүн бүрийн хайрыг татдаг. Тэгвэл UBN Story булангийн энэ удаагийн дугаартаа МУСТА, дуучин А.Түмэн-Өлзийг урин оролцуулж, шинэхэн болох гэж буй тоглолтынх нь талаар болон түүний бага насны дурсамжаар хэсэг хором саатлаа.
-Юуны өмнө ярилцлагын маань урилгыг хүлээн авсанд баярлалаа. Юу байна даа?
-Ажил ихтэй байна. Маргааш буюу гуравдугаар сарын 08-ны өдөр бүсгүйчүүдийн маань эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан бүсгүйчүүдээ баярлуулан VIP тоглолтоо зохион байгуулах гэж байна.
-Нэгэнт тоглолтын тухай ярьж эхэлсэн тул тоглолтын бэлтгэл ажлын талаар цөөн хорох ярилцъя. Хэзээнээс эхлэн бэлтгэл ажил эхлэв?
-Тоглолтын маань бэлтгэл сарын өмнөөс эхэлсэн. Бэлтгэл эрт эхэлсэн тул ажлуудаа бүгдийг нь ажуулсан. Одоогоор дуулалтдаа илүү анхаарч байна. Бүх дуу маань амьдаар дуулагдах учир дуулалт дээрээ илүү анхаарч байна гэх үү дээ.
-Нууц биш бол тоглолтод хичнээн дуу дуулагдах юм бол?
-Мэдээж дууныхаа тоог гаргасан. Тоглолтод маань хамтарсан болон ганцаарчилсан 16, 17 хавьцаа уран бүтээл дуулагдахаар байна.
-Тоглолтод урилгаар оролцох хүмүүсийг харсан. Монголын рок поп хийгээд зохиолын дууны шилдэг дуучид оролцох юм билээ?
-Тэгэлгүй яахав. Тоглолтод маань урилгаар Харшийн С.Баасандорж ах маань мөн Поп Дива С.Сэрчмаа, алтан хамтрагч Б.Сөрөлт, МУСТА Т.Дэлгэрмөрөн болон амьд хөгжмийн хамтлаг мөн бусад уран бүтээлчид маань оролцоно.
Намайг ямар уран бүтээлээр хүмүүс таньдаг вэ. Тэдгээр уран бүтээлүүдээсээ түүвэрлэн шилдэг гэсэн дуунуудаараа, хит уран бүтээлүүдээрээ үзэгч түмэндээ бэлэг барина.
-Тоглолт хэдэн цаг үргэлжлэх юм бол. Магадгүй үүнийг сонирхож буй олон шүтэн бишрэгч байгаа байх?
-Тоглолт маань гуравдугаар сарын 08-ны 20:00 цагаас эхлээд 00:00 цаг хүртэл үргэлжилнэ. Учир нь энэ тоглолт маань VIP мөн сонсогч, шүтэн бишрэгчидтэйгээ эрх чөлөөтэй, зугаатай, зургаа даруулж өнгөрүүлэх боломжтой. Тийм ч учир дөрвөн цагийн хугацаанд үргэлжилсэн арга хэмжээ болно. Үүгээрээ илүү онцлогтой.
-Таны ард асаалттай танк мэт таны хайрт хань байгаа мэт санагдаж байна л даа. Хайртай залуугаа жаахан магтвал?
-Нэг их ярихыг хүсдэггүй л дээ. Гэхдээ миний арын албанд асаалттай танк мэт байдаг, тоглолтын маань бүхий л зүйлийг зохицуулж буй хүн бол яах аргагүй миний хайртай залуу.
-Магадгүй нууц биш бол танилцсан түүхээ хуваалцахгүй юу?
-Бид хоёр анх найз нарынхаа дэлгүүрт танилцаж байлаа. Тэгэхэд л анх бие биенээ олж харсан гэх үү дээ. Ер нь бол танилцсан түүх маань их сайхан.
-UBN Story булангийнхаа тухай багахан ойлголт өгсөн шүү дээ. Бага насных нь дурсамжаар аялъя. Тэр дундаа та хэр эрх хүүхэд байв?
-Би бол ерөнхийдөө их эршүүд хүн шүү дээ. Магадгүй энэ зан чанарыг маань мэдэх нэгэн нь мэдэж байж болох юм. Багаасаа эрэгтэй хүүхдүүдтэй тоглодог, эрэгтэй хүүхдүүд ямар тоглоом тоглоно түүнийг нь л тоглодог хүүхэд байлаа. Охидын тоглодог тоглоомыг тэр дудаа дээс, чартааг төдийлөг тоглодоггүй хүүхэд байсан.
-Таныг Завхан аймгийн уугуул гэдгийг хүн бүр мэдэх биз. Гэхдээ Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежид ёочинчин мэргэжлээр сурч байсныг тэр бүр мэддэггүй байх?
-Тийм шүү. Завхан аймгийн ХБК-ийг ёочинчин мэргэжлээр 7 жилийн хугацаанд суралцаж төгссөн. Түүний дараа СУИС-ийг уртын дуулаачийн мэргэжлээр суралцаж төгссөн. Хос мэргэжилтэй.
-Яагаад уртын дуулаачийн мэргэжлээр суралцсан юм бол. Ёочинчноор үргэлжлүүлэн ажиллах боломж байсан шүү дээ?
-Бага байхаасаа л дуулан дуртай, дуу дуулах авьяастай байсан. Тийм учраас өөрийн хүсэл эрмэлзлээр энэхүү мэргэжлийг эзэмшсэн гэхэд хилсдэхгүй.
-Таны ээж, аав хоёрын хэн нь сайхан дуулдаг байсан юм бол?
-Урлаг бол удам даждаг. Би ээжийнхээ л авьяасыг өвлөж авсан гэж боддог юм. Миний ээж маш сайхан хоолойтой, сайхан дуулдаг хүн бий.
-Хүн ухаан сууж эхлээд ээж, аавыгаа дуулж байхыг сонсоод насан туршдаа мартамгүй, үгээр хэлэхийн аргагүй мэдрэмжийг авдаг шүү дээ. Таны хувьд ч магадгүй ээжийнхээ дуу дуулахыг сонсоод үгээр хэлэхийн аргагүй мэдрэмжийг авч байсан байх?
-Бүсгүй хүн болгон бүүвэйн дуу аяладаг. Ижий минь намайг унтуулах гээд бүүвэйн дуу аялахад тэр дууг чихэндээ хоногшуулсан байсан уу эсвэл дуу хууртай, урлагийн гэр бүлд өссөн байсан уу ямартай ч тэр бүгд маань урлагийн хүн болоход хамгийн их нөлөөлсөн. Түүнээс гадна урлагт гүн дурлуулж, намайг урлагийн хүн болох ёстой хүн мөн гэдгийг маань хамгийн их ойлгуулж өгсөн хүн бол яах аргагүй миний ээж.
-Тэгвэл магадгүй таныг дуулаачийн мэргэжлийг сонгоход тань хамгийн их бахархсан хүн таны ээж болов уу?
-Мэдээж тэгэлгүй яахав. Намайг үргэлж дэмжиж, хамгийн их эрч хүчийг өгсөн хүн бол миний ээж. Одооч гэсэн миний бүхий л зүйлийг зааж, зөвлөж, алдаа оноог маань ярилцдаг.
Тэр ч утгаараа миний ээж бол миний ерөнхий продюсер гэж хэлэхэд хилсдэхгүй. Ижий маань тийм л мэдрэмжтэй, мундаг бүсгүй бий.
-Таны тоглолтын бас нэгэн гэнэтийн бэлэг нь магадгүй таны ээж байх юм болов уу. Хамт дуулах уу?
-Мэдээж тоглолт дээрээ ээжийгээ гаргаж ирээд нэг дуу аваач гэвэл цангинатал дуулах хүн шүү дээ. Гэхдээ одоохондоо ээждээ мэдэгдээгүй л байна.
-Соёл урлагийнхан тэр дундаа дуучид ижий, аавдаа барих бэлэг нь эгэл хүмүүсийнхээс илүү өвөрмөц, нандин байдаг юм шиг санагдсан. Гэхдээ та бас нэгэн ярилцлагадаа ээж, эмэгтэй хүний уран бүтээлээс илүүтэй хайр, аавын дуунуудыг ихэвчлэн дуулдаг юм байна гэж ярьсан билээ?
-Тийм шүү. Ээждээ зориулсан уран бүтээлийг тун цөөн хийж байсан юм билээ. Гэхдээ хамгийн сүүлд ээждээ уран бүтээл зориулан гаргаад өөрийнхөө бага насны дурсамжийг тэрхүү дууныхаа клипэнд дүрслэн харуулж, амьдруулсан.
Өөрийнхөө бага насанд Дуучин Б.Дуулимынхаа дүүг ээжийнхээ дүрд жүжигчин Минжинг урин тоглуулсан байгаа. Яг л миний бага нас, бага насны дурсамж. Би хамгийн анх бууз зарж олсон мөнгөөрөө ёочин хөгжмөө авч байсан юм. Тэрхүү дурсамжаа дуундаа оруулсан байгаа. Тэр маань ч хүмүүст маш их таалагдсан байна лээ. Урмын үгсийг ч их авсан шүү.
Түүнээс гадна миний хувьд дуу, шүлгийн үгийг амьтай байдаг гэж боддог. Тийм ч учраас гэгээлэг, сайн сайхныг ерөөсөн уран бүтээл гаргахыг илүүтэй зорьдог. Магадгүй тэр дуу шигээ би ч бас тэгж гэгээлэг амьдрах юм шиг санагддаг шүү.
-Нэг хэсэг уран бүтээлээсээ завсарлага авлаа шүү дээ?
-Ковидын улмаас уран бүтээлээ хийж чадаагүй чамгүй урт хугацаа өнгөрсөн байна. Сая есдүгээр сард ээждээ зориулсан уран бүтээлээ хийлээ. Мөн үргэлжлүүлээд "Хунтай нуур" дуугаа Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Ганга нууранд маш олон хун чуулсан газарт очиж дүрсжүүлсэн.
-Уран бүтээлээ хийж байж түүнээсээ эрч хүч авдаг мэт санагддаг шүү?
-Яг үнэн. Түүнээс гадна үзэгчдийнхээ хайртай хүмүүсийнхээ алга ташилтаас эрч хүч авдаг.
-Та өмнө өөрийгөө их эршүүд гэж хэлсэн шүү дээ. Тэр ч утгаараа олон нийтийн сүлжээнд маш идэвхтэй түүний хажуугаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг мэт санагдсан. Магадгүй одоо түүнийгээ жаахан цэгнэж байна уу?
-Юм болгон хоёр талтай байдаг. Миний хувьд өөрийгөө олны хүн гэхээс илүүтэй хувь хүн талаасаа өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх дуртай байдаг. Гэтэл шууд шулуун, шударга байж болдоггүй юм билээ. Намайг даган дуурайдаг, үлгэр жишээ авдаг хүмүүс цөөнгүй бий юм билээ. Тэдгээр хүмүүсээ хүндэтгээд зарим үед хэлэх гэж байсан үгээ залгидаг, үгээ цэгнэх ёстой юм байна гэдгийг анзаарч, ойлгосон.
Одоо үед хүмүүс хэн нэгнийг шүүмжлэхдээ маш бүдүүлгээр шүүмжилдэг. Түүнд нь би маш их ундууцдаг юм л даа. Та хүнийг шүүмжилж болно, танд таалагдахгүй байж болно гэхдээ шүүмжлэх гэж байгаа бол соёлтойгоор, зөөлнөөр илэрхийлээсэй гэж хүсдэг.
Сошиалаас болоод сэтгэлээр унаж байсан хэцүү үе надад байсан. Хүмүүсээс маш муухай үг, дайралтууд ирдэг юм билээ. Тухайн үед маш их шаналаад хэцүү байсан учраас нэг хэсэг өөрийгөө цахим орчноос тусгаарлаж ч байсан юм.
"Үг гэдэг үзүүргүй ч үхтэл хатгана" гэдэг үг байдаг шүү дээ. Тиймээс хүмүүс бие биедээ хатуу үг битгий хэлээсэй, магадгүй шүүмжлэх шаардлагатай бол түүнийгээ зөв илэрхийлээсэй гэж хүсдэг. Би өөрийгөө тийм ч мундаг олны танил гэж боддоггүй. Гэхдээ дуучин хүний хувьд тийм мэдрэмжийг авч байсан учраас Монголчууд бие биенээ хайрлаасай, хайртай байгаасай гэж хүсдэг. Тиймээс өөрийнхөө үзэл бодлыг 100 хувь чөлөөтэй илэрхийлэхээс татгалзаж байх нь зөв юм болов уу.
-Та манай сайтын уншигчид мөн хайртай ээждээ, Монголынхоо бүх эмэгтэйчүүдэд хандаж Мартын 8-ны мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?
-Бүсгүйчүүд бид жижигхэн зүйлд баярлаж, жижигхэн зүйлд гунддаг. Тийм ч учраас би бүсгүйчүүдээ нүүрэндээ битгий гуниг хуруулаасай гэж хүсдэг. Мөн үргэлж, баяртай, аз жаргалтай байгаасай. Эмэгтэй хүн дан ганц эд материал аваад түүнээсээ аз жаргал мэдэрдэг биш шүү дээ. Эмэгтэй хүнийг хайрлаад, энхрийлээд л байвал улам илүү сайхан болдог. Түүнээсээ тайвшрал, тайтгарлыг ч мэдэрдэг.
Магадгүй бүсгүй та гунигтай байвал тэр бол түрхэн зуурын сэтгэл хөдлөл шүү. Тиймээс үргэлж аз жаргалтай байгаарай. Мөн ээжүүд минь эрүүл энх байхыг хүсье. Монголынхоо нийт эмэгтэйчүүд маань баяраа сайхан тэмдэглээрэй.
-Бэлтгэлийнхээ цаг заваас хуваалцан хэсэг хором ярилцсанд баярлалаа.