Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас олон суваг дамжуулах, гурвалсан үйлчилгээ эрхлэгчдийн үзүүлж байгаа үйлчилгээ, бүтээгдэхүүн нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд удирдамжтай хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар Улаанбаатар хотын бүсэд “телевизийн олон суваг дамжуулах” үйлчилгээнд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон “Юнивишн” ХХК нь өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан зөрчил тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуульд заасны дагуу өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх буюу 1.163.740.176 төгрөгийн торгууль ногдуулжээ.
"Юнивишн" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр баталсан №В22/043 дугаартай үндсэн багцуудын шинэчилсэн нөхцөлд Улаанбаатар хотын бүх орон сууцанд өрхийн үйлчилгээний “S plus” багцыг 39.900 төгрөгөөр, гэр хороололд яг ижил үйлчилгээтэй “S plus” багцыг 43.900 төгрөгөөр хэрэглэгчдэд дамжуулахаар шийдвэрлэсэн байна.
Өрхийн үйлчилгээний төлбөрийг орон сууц болон гэр хороолол гэж ангилан ялгавартай үнэ тогтоосон нь давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан үйлдэл юм.