Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Зулцэцэг: Зураасан зураг бол гэнэтийн бэлэг ихтэй урлаг

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
15 минут 7 секунд

Венийн Урлагийн Их Сургуулийн Зураасан зургийн магистр, зураач Наранцогтын Зулцэцэгтэй зураасан зураг, бүтээл хэрхэн төрдөг, уран зураг, бичвэр хоёр уран бүтээлд яаж тусдаг тухай ярилцлаа.

- Мод ширхэгтэй учраас болгоомжтой ажилладаг -

-Зураасан зураг гэж юу болох талаар яриагаа эхлүүлье?

-Дүрслэх урлагт зураасан зураг голлох байр суурь эзэлдэг Зураасан зураг нь дотроо олон төрөлтэй. Жишээ нь, модон бар, чулуун бар, зэс (төмөр) бар, торгон бар гэх мэт байдаг. Харин орчин үед бар зурагт фото болон олон төрлийн шинэ техникүүд орж ирснээр илүү сонирхолтой болсон. Дээр үед Монголд голлох бар зургийн техникүүдээр ажиллаж байсан юм билээ. Барлах техник гэдгээс гадна мэргэжлийн хэллэг нь график урлаг буюу зураасан зураг гэдэг. Зарим хүмүүс график дизайнтай андуурах тал бий.

Бүтээлийн нэр : “ Ажиглалт“ 2020
Материал: Төмөр бар, фото , монотип Хэмжээ: 23x17, 
Дотор хэмжээ: 20,6x14,5 
Тоо: 16 ширхэг

-Барлах гэдгээ тодруулахгүй юу?

-Бар техникийг өмнө нь ном, сонин хэвлэл сэргэн мандалтын үед ашиглаж байгаад дараа нь урлагт илүү олон төрөл болон орж ирсэн. Орчин үеийн урлагт аль хэдийн тодорхой байр суурьтай болсон. Хүмүүс надаас модон бар Хулдаасан барын ялгааг их асуудаг хулдаас нь модноос илүү зөөлөн. Мод ширхэгтэй учраас болгоомжтой ажилладаг. Харин хулдаасан дээр ажиллахад илүү зөөлөн, янз бүрийн дүрс гаргахад илүү хялбар байдаг.

-Зураасан зургийн техник хэрхэн бүтдэг вэ?

-Эхний процессоосоо гэрэлтдэг поли цаасан дээр хийдэг болохоор зохиомждоо хэдэн ч өнгө давхарласан хамгийн цаана байгаа өнгө нь тодорч харагддаг. Чулуун барыг орчин үед ийм хавтан дээр буулгаж бас болно гэсэн үг. Платэнлитографик буюу зураасан зургийн техникийн хувьд зургаа гэрэлтдэг поли цаасан дээр зориулалтын түүшээр зурна. Тэр зурсан түүшээ нимгэн ялтсан төмөр дээрээ зохиомжоо байрлуулна. Хайчлаад яаж ч зохиомжилж болно. Зохиомжоо байрлуулчихаад хүчтэй гэрлээр шаруулдаг. Тэр нь зориулалтын машин байдаг. Зориулалтын машин техник дээр зургаа хэр тод, бүдэг гаргахаа тохируулаад төмөр ялтас дээрээ буулгачихна. Хэдэн өнгө гаргах уу гэдгээ бас тооцоолж бодно. Ер нь бол тооцоолж бодож байж хийдэг, гэнэтийн бэлэг ихтэй урлаг. Юу хийхээ эхлээд сайн бодож зохиомжоо гаргах хэрэгтэй. Тэгээд шат дамжлага дууссаны дараа будгаа түрхэж цаасан дээрээ барлан авдаг.

Зургийн тайлбар: Зураасан зургийн ажлын ширээ
/Н.Зулцэцэгийн хувийн архиваас/

-Австрид сурсан гэсэн. Энэ талаараа сонирхуулбал?

-Миний хувьд 2014 онд Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийн монументалийн ангийг төгсөөд Австрид очсон. Австрид Урлагийн академи болон Урлагийн их сургууль байдаг. Тухайн үед Австрийн Урлагийн академийн Графикийн ангид зураач Б.Отгонбат сурч байсан. Б.Отгонбат эгчтэй танилцаад Урлагийн академийн Графикийн ангид очсон. Мэргэжил сонгох тал дээр надад зөвлөгөө өгч графикийн ангийг сонгоход нөлөө болсон. Тэгээд хоёр сургуулийн шалгалтад бэлдэж эхэлсэн. Тухайн үед эхэлж тэнцсэн "Angewandte" сургуульдаа үлдэхээр шийдсэн. Үлдэх болсон шалтгаан нь багш нарын хандлага, орчин гээд тухтай санагдаж байсан. Миний хувьд сурч байх хугацаандаа сониуч байдлаар бүх төрлийн техникээр ажиллаж, туршиж үзсэн. Манай сургуулийн хувьд багадаа дөрвөн жил, түүнээс дээш жил суралцаж төгсдөг. Тэгээд 2017 онд элсэн орж, 2021 онд төгссөн.

-Цар тахлын үеэр зураасан зургаар гадаадад диплом хамгаалсан гэхээр хүнд байсан байх?

-Мэдээж амар байгаагүй. Дээр нь тэр үеэр нөхөр, охин хоёр Монгол руу буцахаар болж, би Австрид үлдэж сургуулиа төгсөхөөр болсон. Ганцаараа үлдэж сургуулиа төгсөх шийдвэрийг нөхөр бид хоёр гэр бүлийнхэнтэйгээ ярилцсан. Манай сургууль гар ажиллагаа шаарддаг гэдгээрээ онцгой нөхцөлтэй сургууль болохоор хоёр хоног тутам ковидын шинжилгээ өгөөд хоорондын зай барьж, урландаа сууж дипломоо хийсэн. Багш нартайгаа ярилцаж үлдсэн хоёр хугацаанд төгсмөөр байгаагаа хэлсэн. Тэгсэн диплом удирдагч багш “Одооноос сэдвээ хай, тэмдэглэл хөтөл. Өдрийн тэмдэглэлдээ өнгөрсөн дурсамжийн тухай одоо мэдэрч байгаа мэдрэмжүүд, мөн ирээдүйн тухай, өглөө босоод юу хийдэг, цаашдаа юу хиймээр байна, гээд бүгдийг нь, юу ч бичиж болно шүү дээ” гэж хэлж байсан. Тэгээд багын тод үлдсэн дурсамжуудынхаа талаар, аавынхаа, нагац ахынхаа тухай богинохон текстүүд бичээд тэр нь нэмэгдсээр нэг ном болсон. Эхлээд монгол хэлээр өдрийн тэмдэглэлээ бичиж тэрийгээ герман хэл рүү хөрвүүлдэг байсан. Дараа нь багшдаа үзүүлээд ярилцаж багассаар хэлэх гэсэн гол санаа гарч ирсэн. Манай багшийн хувьд Ян Свенунгссон (Jan Svenungsson) гээд Германд амьдардаг, герман эхнэртэй, Австрид ажилладаг швед хүн байсан. Манай сургуулийн сургалт нь долоо, долоо хоногоор ээлжилдэг. Эхний долоо хоногт нь багштай уулзаж ярилцдаг бол дараа долоо хоногт нь багшгүй, оюутан өөрөө биеэ даагаад бусад багш нартайгаа ажилладаг.

Зургийн тайлбар: Дипломын ажлын хэсгээс
Зургийн тайлбар: Дипломын ажлын хэсгээс

-Австрид зураасан зураг хэр хөгжсөн бэ?

-Технологийн хувьд хөгжчихсөн. Сургуулийн хувьд хангамж сайтай, энд ажиллаж байгаагүй техникүүд дээр ажиллаж үзсэн. Зураасан зургийн хэвлэх машиныг орчуулахаар “хүнд даралт” гэж орчуулагддаг.

-Зураасан зураг технологи шаардсан урлаг гэж ойлгож болох уу?

-Тийм.

-Манай улсын хувьд яаж зураасан зургийг хөгжүүлэх боломж байна уу?

-Улсын сургууль бол улсаас тэр тоног төхөөрөмж техникүүдийг худалдаж авах мөнгө санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байх.

- Зураасан зураг технологи шаардсан урлаг-

-Өөрийн тань хувьд аль техникээр голлон ажилладаг вэ?

-Зэс баран дээр төмөр үзгээр хийж байх явцад хамгийн нарийхан, нандин зураасууд гардаг. Энэ нь надад илүү гүнзгий мэдрэмж төрүүлдэг. Нарийн ширхгийг харуулахад ашигладаг хуурай зүү техник гэж бас байдаг. Харин дуртай нь гэвэл модон бар, чулуун бар дээр илүү ерөнхий ажиллагаа гаргадаг. Модон дээр ч гэсэн зүүгээр ажилласан юм шиг нарийн зураас гаргадаг хүмүүс байдаг шүү.

Зургийн тайлбар: Зэс бар цуврал бүтээлийн найман ажлын нэг
Бүтээлийн санаа : "Бидний оршин байгаа бүх зүйл тойрон эргэлдэх орчлонд хамаарагдана"

- Аль болох сэтгэл санаа тайван байвал төвлөрч чаддаг-

-Зураасан зураг бусад төрлийн уран зургаас давуу тал гэж байдаг уу?

-Уран зургийн хувьд нэг л хувь гарна. Харин график урлагийн хувьд олон хувь гарч болно. Би бас тэнд багшаасаа асууж байсан. Яагаад ийм олныг дарах ёстой юм бэ. Яагаад ганцыг дарж болдоггүй юм бэ. Оюутнууд хэдэн арав, хэдэн зуун хувиар дардаг юм бэ гэсэн чинь тухайн уран бүтээлчийн сонголт гэж хариулж байсан. Тухайн уран бүтээлч нэгийг аваад хэвээ устгаж болно. Эсвэл арвыг аваад устгалгүй дараа жил нь дахиад хэдийг ч юм дахин дахин дараад байж болно. Гэхдээ эх хувиас авч байгаа учраас эх хувиас ялгаагүй гэж тайлбарлаж байсан.

Бусад төрлийн уран зургийн үзэсгэлэн гарахад нэг зургийг нэг л хүн авчихаж байна. Харин график ажлын эх хувиас нь барлаж авсан бүтээлээс авч болно. Гэхдээ эхний барлаж авсан зургууд илүү үнэд хүрдэг. Зураасан зургийн давуу тал энд байна.

Г.Зулцэцэгийн урлан руу анх орж ирэхэд анзаарагдахгүй ч тайван ажиглавал хананд байх жааз бусдаас онцгойрно. Хананы тавиурын цаана нуухыг хүссэн гэмээр ч юм уу, цэнхэр хүрээтэй жааз. Жаазны дотор бичигдсэн жижигхэн үсгүүд өөрийн эрхгүй ойртож харах хүслийг төрүүлнэ. Сонирхож асуувал, Австрид байх үедээ зохиосон шүлгээ жаазалсан нь энэ аж.

Хэрвээ би загас байсан бол
Хэрвээ би загас байсан бол, уснаас гарахыг хүсэх байсан
Хэрвээ би загас байсан бол, нүдээ анивчихыг хүсэх байсан
Хэрвээ би загас байсан бол, чамайг хараад нэг нүдээ анивчих байсан
Хэрвээ би загас байсан бол, хамгийн чимээгүйгээр чамайг сонсох байсан
Хэрвээ би загас байсан бол, маш их усыг хүсэх байсан
Хэрвээ би загас байсан бол, хүн болохыг хүсэх байсан
Би энд загас
Чи тэнд шувуу
Бидний ялгаа бол, чи тэнгэрт би газарт

-Ямар үед уран бүтээлээ туурвидаг вэ. Онгод хөглөдөг зүйл тань?

-Тийм үед тэгдэг гэсэн зүйл байхгүй дээ. Аль болох тайван л байвал төвлөрч, бүтээлээ сайн хийж чаддаг. Монголд ирснээс хойш завгүй болсон. Австрид байхад бүтээл дээрээ ажиллах цаг харьцангуй байсан юм билээ. Энд ирээд нөгөө тийшээ савлачихсан гэх юм уу. Өмнөх шигээ юмаа хийх гэхээр ажил амжихгүй бүх юм давхцаад, тэрэндээ стресстээд эхэндээ бага зэрэг хэцүү байсан. Одоо бол ажлуудаа зохицуулаад, араас ажил багатай үед урландаа ирээд юмаа хийдэг.

Зураач Н.Зулцэцэгийн урлан /2023.02.16/

-Охиндоо зориулж шүлэг, дипломын ажлаа хийсэн-

-Эмэгтэй уран бүтээлчдийн хувьд хүүхэд төрүүлэх, хүүхэдтэй болох нь уран бүтээл туурвихад нөлөөлдөг юм шиг санагдсан?

-Амьдралын туулсан туршлага бүтээлд нь илүү хүчтэй илэрч, бүтээлийн ард гарахад нөлөөлдөг гэж боддог. Тэгж байж л бүтээл илүү амьд, үнэ цэнтэй гардаг юм шиг. Өдрийн тэмдэглэлээ ч охиндоо зориулж бичээд, би чинь ерөөсөө шүлэг бичдэг хүн биш шүү дээ /инээв/. Тэгэхэд л цаанаасаа гоё гоё үг ундраад бичээд л байсан. Багшдаа үзүүлэхэд “чи бичдэг байсан юм уу” гэж байсан. Тэр гэхдээ намайг онгироож хөөргөж хэлсэн байх л даа. Гэхдээ энэ нь надад урам өгсөн шүү. Охиндоо зориулж шүлэг, дипломын ажлаа хийсэн.

-Бүтээл төрөх, бүтээлээсээ эргээд санаа авч шүлэг, эсээ бичих хоёр хоорондоо холбоотой юу?

-Холбоотой. Дипломын бичвэрийн хувьд юунаас эхлэхээ ойлгохгүй байсан. Энд тэнд явж байхдаа төрсөн санаагаа шууд цөөн үгээр тэмдэглэдэг байсан. Жишээ нь, трамбайд нэг цагт байнга таардаг байсан австри эмээгийн тухай ч гэх юм уу, зүс царай өмссөн хувцсыг нь гээд бичиж өгсөн.

Австрид оюутнуудын дипломын ажлыг үзэхэд ихэвчлэн мэдрэмжийн тухай бичсэн байсан. Дипломын ажлаа хамгаалахдаа хийсэн санаанаас гадна, хийх явцад болсон үйл явдал, авсан мэдрэмжээ тайлбарласан байсан.

Зураач Н.Зулцэцэгийн урлан /2023.02.16/
Зураач Н.Зулцэцэгийн урлан /2023.02.16/

Дипломынхоо үеэр охиндоо бичсэн шүлэг

"Миний магнолин"

Тархинд минь ургасан магнолин минь

Сайхан бодлоороо би чамайг услая

Цээжинд минь ургасан багваахай цэцэг минь

Сайхан мэдрэмжээрээ чамайг би хайрлая

Цээжний хөндийн энэ л орон зайг,

Зүрх минь томроод дүүргэчихжээ

Томорсон энэ зүрхэнд минь
​​​​​
Мод хэдийн цэцэглэжээ.

-Зураасан зураг гэлтгүй уран зургийг худалдаж авах хүн манайд ховор байдаг?

-Ихэвчлэн ойрын хүрээллийн хүмүүс л зорьж ирж худалдаж авдаг.

-Анхны үзэсгэлэнгийнхээ тухай хуваалцвал?

-Намайг Австрид байхад манай найзууд миний бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж байсан. Германаар “Zwischen” буюу “Дунд” гэсэн нэртэй. Энэ үзэсгэлэн маань миний хувьд үнэ цэнтэй сайхан дурсамжуудыг үлдээсэн. Их сургуулийн Ц.Нарангэрэл багш маань үзэсгэлэнд уригдаж үг хэлэхдээ “Өчнөөн үзэсгэлэнд ирж байсан ч зураач нь өөрөө байхгүй үзэсгэлэнд анх удаа л ирж байна” /инээв/ гэж байсан. Үүгээр дамжуулан үзэсгэлэнг минь зохион байгуулахад оролцсон бүх найзууддаа мөн хүрэлцэн ирсэн багшдаа, гэр бүл, найз нөхдөдөө баярладаг шүү.

Зургийн тайлбар: Анхны бие даасан "Дунд" үзэсгэлэнгийн хэсгээс /2021/
Зургийн тайлбар: Анхны бие даасан "Дунд" үзэсгэлэнгийн хэсгээс /2021/

-Ойрын төлөвлөгөө юу байна вэ?

-Саяхан Солонгост болох хамтарсан үзэсгэлэнгийн санал ирсэн. Тийшээ материалаа явуулчихсан байгаа. Ирэх сараас бүтээлээ явуулна.

- Ярилцсанд баярлалаа.

Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм
Г.Мөнхбаяр: Виртуал хөрөнгийн зах зээлд койн, токен гаргах нь гэмт хэрэг биш. Түүнийг мөнгө угаах хэрэгсэл болгож бусдыг хохироож байгаа нь гэмт хэрэг юм
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.