Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба Д.Чойжамц лам "Үзэсгэлэн болгогч" хэмээн усан туулай жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр "Энэ жилийн зураглалын хувьд 17-р жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх туулай жил гарч байна. Монголчууд туулайг их бэлэгшээдэг. Их сайхан жил гардаг. Шинэ жил гарна гэдэг бидний цаг хугацааны үргэлжлэл юм. “Үзэсгэлэн болгогч” хэмээх ёгт нэрийн хувьд гэвэл “Цагаан Ляньхуа” сударт энэ жил төрсөн хүүхэд их үзэсгэлэнтэй, ухаан төгөлдөр, буян хийгээд сайн үйлсэд хичээгч нэгэн байна гэж бичсэн байдаг. Энэ жилийн цаг агаар тогтуун, дээдсэд сайн, дундадаа дунд, нялхаст бага зэрэг чанга, 4 улиралд хуртай. Хур их байх учраас хүйтэнд тусдаг өвчнөөс сэргийл. Жилийн төлөв ер нь их сайн байна. Их сайн жил гарна гэсэн үг. Заслын хувьд жил орсон, харш жилтэй хүмүүс анхаарах хэрэгтэй.
Бурхан багшийн эрд хувилгаан үзүүлсэн 15 хоног түүнээс цааш нийтдээ өнөөдрөөс эхлээд 20 гаруй хоног ном хурна. Өнөөдөр бол “Хажидийн чого” гэдэг ном хурсан. Үдээс хойш “Балиа засалга” номыг хурна.
Биднийг Монгол хүн гэдгийг ялгадаг зүйл нь хэл, бичиг соёл, хувцас, нүүдэлчин ахуй уламжлал гээд олон юм байгаа. Тийм учир бид наадам цагаан сар гэх уламжлалт баярыг ихэд бэлэгшээж тэмдэглэдэг. Бидний ахуй орчин, нүүдэлчин соёл гэдэг бол яс маханд шингэсэн байдаг.
Ингээд өлзий дэмбэрэлтэй сайхан жил гарах гэж байгаа үед та бүхэндээ урт наслаж, удаан жаргаж, аваар осолгүй, өвчин зовлонгүй, аливаа нэг муу зүйлээс ангид, барцадгүй мэнд сууж эд таваар элдэг дэлбэг, үр хүүхэд өнөр өтгөн, хамгийн сайн сайхан байх өлзийтэй ерөөлийг дэвшүүлье" хэмээлээ.
Д.Даваахүү