ЭМЯ-наас Ковид-19-тэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа шинжилгээний хариунуудыг задаллаа. Тэрээр:
"Өчигдөр ХӨСҮТ-ийн вируслогийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийтдээ 374 хүний сорьцод шинжилгээ хийсэн. Эдгээр шинжилгээнүүдэд бүгдэд нь коронавирус илрээгүй.
Үүнд, Улсын хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгүүдээс тандалтын зорилгоор цуглуулсан 8 сорьц, мөн ажиглах байранд тусгаарлагдсан 8 хүний шинжилгээ, зэвсэгт хүчний үүргийн онгоцоор ирсэн 120 зорчигчийн давтан шинжилгээ, Алтанбулгийн боомтоор орж ирсэн 209 хүний давтан шинжилгээ, Дархан-Уул аймагт байрлаж байгаа хүмүүсийн давтан шинжилгээнүүд тус тус багтсан.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 178 хүн байна.
Үүнд, эмчилгээнд байгаа 141 өвчтөн, бусад нь ажиглалтад орсон хүмүүс байна. Нийт 185 батлагдсан тохиолдлоос 44 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гаран, дараагийн шатны тусгаарлалтад шилжээд байна. Тэдгээрийн 16 нь сувилалд, 15 нь гэртээ байгаа бол 13 хүний ажиглалтын хугацаа дууссан" гэлээ.