Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Сувд-Эрдэнэ: Туркууд монголчуудын сайхан сэтгэлд талархаж, онгоцонд утас үзэж буй Монгол нохой их алдартай болсон

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
16 минут 23 секунд
О.Сувд-Эрдэнийн хувийн архиваас, түүний тайлбарын хамт:
БНТУ, Эрзурум хот “Хатуние медрес” Çifte Minareli Medrese (Hatuniye Medresesi)
2022.01.12
Ил хаант улсын чухал дурсгалын нэг хос баганат сүм. 1260-1270 оны хооронд баригдсан. 35х40 метр хэмжээтэй, Медресийн өмнө талд 26 метр хоёр баганатай, сүмийн хаалгаар ороход орой нь задгай том талбай угтана. Хоёр хажуугаар нь 17 өрөө, доод давхартаа мөн 19 өрөөтэй.

Бүгд Найрамдах Турк Улсын нийслэл Анкара хотын Анкара Хажи Баярам Вэли /Ankara Hacı Bayram Veli/ Их сургуульд Түүхийн магистрант О.Сувд-Эрдэнэтэй тус улсад үүсээд байгаа нөхцөл байдал, түүхч болохоор яагаад шийдсэн, магистрынх нь судалгааны зарим хэсгийн талаар ярилцлаа.

-Гадуур явж байсан болохоор газар хөдлөлтийг мэдрээгүй-

-Ярилцлагаа Туркт болж буй нөхцөл байдлаар эхлэх үү?

-Газар хөдлөлт Туркийн Сиритэй хил залгаа 10-аад хотод болсон. Миний амьдарч байгаа Анкара хот Туркийн баруун хойд хэсэгт эх газарт болохоор айхтар хүчтэй мэдрэгдээгүй. Энд ирснээс хойш өнгөрсөн аравдугаар сард Хар тэнгистэй ойр Дүзжэ хот төвтэй газар хөдлөлт болж байсан. Энэ удаа тэр үеийнхтэй ойролцоо мэдрэгдсэн. Одоо энд хаа сайгүй тусламжийн бараа, хандив цуглуулж газар хөдлөлт болсон бүс нутаг руу явуулж байна.

-Газар хөдөлсний дараа анхааруулах дохио өгсөн үү?

-Оюутны дотуур байранд өгсөн байж магадгүй. Би тусдаа байр түрээсэлдэг болохоор анхааруулах дохио надад сонсогдоогүй.

-Өдөр дахиад газар хөдөлсөн үү?

-Тийм, тухайн өдөр нэг дэх өдөр байсан болохоор дипломынхоо талаар багштайгаа өдөр 14 цагт уулзах байсан. Түүнээс өмнө сургуулийнхаа сургалтын албанд очих ажилтай байсан тул арай эрт 11 гээд сургууль руугаа явсан. Сургуулиасаа бичиг баримт канондуулах гээд буцаж гарсан үед газар хөдөлсөн юм билээ. Гадуур явж байсан болохоор мэдрээгүй. Ойрхон гараад буцаад сургууль руугаа эргэж ороод ирэхэд 10-хан минутын дотор сургууль тэр чигтээ хоосорчихсон байсан. Тэр өдрөө 13 цагийн үед 917 хүн амь үрэгдсэн талаар хэвлэлээр мэдээлсэн. Өнөөдөр өглөө 34 мянга давсан /2023.02.14/ тухай уншсан.

-Тусламжийн багтай хамт ирсэн нохой алдартай болсон-

Зургийн тайлбар: БНТУ-ыг зорьж буй Монголын аврах багийн нохой. Туркийн олон нийтийн сүлжээнд бичсэнээр“Түүний ажиллах нуранги, нөхцөл байдлын бичлэгийг үзүүлж байна. Нүүрний хувирлыг хардаа. Энэ нохой бүгдийг ойлгож байна.”гэжээ.

-Монгол Улсаас тусламж очсон тухай Туркийн хэвлэлээр, иргэдийн дунд яригдаж байна уу?

-Газар хөдлөлт болсон тухай мэдээ гармагц Казахстан, Азербайжан улсын аврах багууд тэр оройдоо ирсэн. Тиймээс тэдний талаар эхэн үедээ Турк, Анкарагийн хэвлэлээр байнга мэдээлж байсан. Харин хоёр, гурван өдрийн дараагаас албан ёсоор Монголоос 35 хүн ирсэн тухай, таван хүн, найман хүн аварлаа гэх мэт мэдээнүүд гарч эхэлсэн. Бас албан ёсны мэдээний сайт биш, ард түмний хооронд явж байгаа мэдээллүүдэд “Монголчууд гэр явуулна, Засгийн газартаа хэлсэн байна, Сонголчууд ямар сайхан сэтгэлтэй юм бэ” гээд монгол гэрийн зурагтай постууд явж байхыг харсан. Бас тусламжийн багтай хамт ирсэн нохой алдартай болсон. Онгоцон дотор утас харж байсан манай нэг нохойны зураг байсан даа. Тэр зургийг Туркууд “Ирээд ажиллах нөхцөл байдалтай танилцаж байгаа Монголын аврах багийн нохой” гэсэн гарчигтай, мөн “Нохой их ухаалаг амьтан шүү, түүнд талархаж байна” гэсэн сэтгэгдлүүд их байсан.

Зургийн тайлбар: Туркийн олон нийтийн сүлжээнд гарсан сэтгэгдэл, “Хайрт Монгол найзууд минь Турк руу монгол гэр явуулахаар эрх баригчдаасаа хүссэн байна. Ямар сайхан сэтгэл вэ. Бас энэ өвлийн хүйтэн нөхцөлд долоон давхар эсгийтэй Монгол гэрээс илүү сууц байхгүй гэж бодож байна. Баярлалаа, амжилт хүсье, сайхан Монголын ард түмэнд.”

-Газар хөдлөлтийн бүс нутаг түүхэн талаасаа ямар онцлогтой газар вэ. Түүх дурсгалын зүйлс байгаа байх?

-Тус бүс нутагт Византын эзэнт гүрний үед холбогдох МЭ VI зуунд баригдсан Газиантепын цайз, мөн Адияман хот дахь Немрут уулын Ромын тахилгын онгонтой булш оршуулга, хүн төрөлхтний соёл иргэншлийн нэгэн том голомт Тигр, Ефрат мөрөн, Ефрат мөрөн дээгүүрх том гүүр бүхий Диярбакир зэрэг хотууд байдаг. Харамсалтай нь, Газиантеп хотод орших 25 метр өндөр толгод дээр байрладаг 100 метр өндөр цайзын тал нь нурчихсан. Өчигдрөөс эхлэн тус бүс нутаг дахь түүхийн дурсгалт газруудыг хамгаалалтад авахаар Туркийн Соёл, Аялал жуулчлалын яамнаас мэргэжилтнүүд ажиллаж эхэлсэн тухай мэдээ гарсан байна лээ.

Зургийн тайлбар: Газиантеп цайз газар хөдлөлтийн өмнө /cnn/

Зургийн тайлбар: Газиантеп цайз газар хөдлөлтийн дараа /tmgrup/

- Турк даяар энэ сарын 27-ныг хүртэл бүх сургууль хаалттай-

-Туркийн газар хөдлөлт болсон өмнөд мужуудад Сирийн дүрвэгсэд олноороо байдаг юм билээ?

-Тийм. Турк улсад албан ёсны бүртгэлтэй 3,5 сая гаруй Сири цагаачид байдаг. Зөвхөн Хатая гээд газар хөдлөлтөд хүчтэй нэрвэгдсэн хотод 300 мянга гаруй, бусад Газиантеп, Адана зэрэг хотууд дахь нийт тоо нэг сая давна. Өчигдөр нэг мэдээлэлд Сирийн таагүй байдлаас зугтаж ирсэн боловч энд дахиад л хүнд нөхцөлд орчихлоо гэсэн Сири хүний ярилцлага байсныг уншсан.

-Гадаад оюутнуудын нөхцөл байдал цаашид яах төлөвтэй байгаа вэ?

-Гурван өдрийн өмнө /2023.02.11/ Туркийн ерөнхийлөгч Их сургуулиудыг зун дуустал алсын зайн сургалт руу шилжүүлэх санал гаргасан. Яагаад ингэх болсон бэ гэхээр КЯК буюу улсын дотуур байрууд нийтдээ 700 мянга гаруй оюутны багтаамжтай. Харин газар хөдлөлтийн улмаас 17 мянган барилга, байгууламж нурсан учраас тэндээс ард иргэдийг оюутны дотуур байр руу шилжүүлэхээр яригдаж байна. Одоохондоо шийдвэр гараагүй. Их, дээд сургуулиудын удирдлагууд хуралдаж байгаа. Хоёр сургууль сонголтоороо цахим эсвэл танхимаар хичээллэж болно гэсэн шийдвэр гаргасан. Манай сургуулийн хувьд хуралдаж байна, шийдвэр гараагүй гэсэн хариу өгсөн. Турк даяар энэ сарын 27-ныг хүртэл бүх сургууль хаалттай.

Анкарад 20 орчим монгол оюутан байдаг. КЯК-т байгаа нэг оюутан “Турк оюутнуудыг гэр рүү нь буцааж, эмч, эмийн санч, төгсөх ангийнхан, заавал хийх дадлагатай оюутнууд, гадаад оюутнуудыг үлдээгээд нэг блок руугаа нүүлгэж байна” гэж ярьж байсан.

О.Сувд-Эрдэнийн хувийн архиваас, түүний тайлбарын хамт:
БНТУ, Измир хот, Эртний Грекийн Эфэс хотын үлдэгдэл туурь, МЭ I зуун

-Анги даасан багш намайг чиглүүлж өгсөн-

-Мэргэжлийн сэдэв оръё. Ер нь яагаад түүх рүү татагдчихсан юм бэ?

-Дунд сургуульд түүхийн хичээл балар эртний түүх, дэлхийн соёл иргэншил, аж үйлдвэрлэлийн түүх гээд эхэлдэг. Тэрийг уншиж байхад хэдэн мянган жилийн өмнөх хүмүүс өөрсдийн ул мөрийг хадны зургаар дамжуулж бидэнд өвлүүлсэн гэдэг нь гайхалтай санагдсан. Тэгээд өөрийн 7 дугаар ангийн сурах бичиг, ахынхаа 8,9 дүгээр ангийн болон өөрт байсан бүх номоо дуусгачхаад арван жилийнхээ түүхийн багш дээр очсон. Түүхч болохыг хүсэж байгаагаа хэлээд өөр номууд гуйтал багш таатай хүлээж аваагүй. Тэрнээс хойш түүх сонирхохоо больж, хүчээр мартахыг хүсдэг болсон. Удалгүй 10 жилээ төгсөж их сургуульд орсон. Гэтэл их сургуульд түүхийн хичээлийг заавал үзэх ёстой байсан. Хичээлээ үзэхгүй бол төгсөхгүй. Гэхдээ одоо бодоход манай Монгол Улсын Их Сургуулийн сургалтын систем зөв байжээ. Бас 2 дахь жилээсээ эхлээд мэргэжлийн ангидаа ордог нь ч тэр. Тэгээд түүхийн хичээлийг Д.Энхжаргал багш дээр үзсэн. Багш түүхийг дахин сонирхол татах хүртэл заасан. Дараа жил нь мэргэжил сонголтоор шууд түүхийн ангиа сонгосон.

Зургийн тайлбар: Хээрийн дадлага, Архангай аймаг, Өгий нуур /2018.06.09/

Харин цаашид түүхээр явахаар шийдсэн шалтгаан нь МУИС-ийн анги даасан багш Д.Анхбаяр. Манай багш намайг энэ хүртэл явж ирэхэд тусалж, чиглүүлсэн. Түүх, тэр дотроо Монголын Эзэнт гүрний үе, Ил хаант улсын түүхийг судлах хүслийг төрүүлсэн. Ил хаант улсыг судлахын тулд перс хэлтэй байх шаардлагатай. Перс хэл өөрөө нүдэнд өртөхүйц өвөрмөц бичлэгтэй. Д.Анхбаяр багш перс хэл дээрх сурвалжийг шууд уншиж байсныг хараад би ч бас ийм болох хүсэлд автсан. Тэгээд багшид перс хэл зааж өгөхийг хүссэн. Гэтэл багш бүр перс хэлээ нэг анги үүсгэж байгаад өөрөө үнэгүй зааж өгч байсан. Одоо ч оюутнууд хүсвэл багш анги нээж өгөх боломжтой байдаг. Түүхээр мэргэжлээрээ ажилладаг төгсөгчид цөөхөн шүү дээ. Харин манай анги 17-уулаа төгссөнөөс 14 нь яг мэргэжлээрээ явж байгаа. Манайхан музей, сургууль, архивд ажиллаж, үлдсэн нь үргэлжлүүлээд магистрт суралцаад явж байна. Бид бүгдийн мэргэжилдээ ийм хайртай, ингэж олуулаа салбартаа байдаг нь багш сайн байсныг харуулж байна гэж ойлгодог.

О.Сувд-Эрдэнийн хувийн архиваас, түүний тайлбарын хамт: БНТУ, Ахлат хот Ил Хаант улсын үеийн Ахлат хотын захирагчийн бунхан 1275 онд баригдсан. Дотор нь орвол яг монгол гэр шиг. Монголчуудын нөлөөгөөр энэ бүс нутагт нэвтэрсэн хас хээ ханан дээр нь дүрслэгдсэн байдгаараа онцлогтой.

-Ингэхэд дунд сургуульд түүхийн хичээлд дургүй байсан гэлээ. Тэгэхээр анх ямар мэргэжилтэй болохоор төлөвлөж Их сургуульд орсон гэсэн үг вэ?

-Анх мэргэжил сонголгүй философи, газарзүй, сэтгүүл зүй гэсэн бодолтой орж байсан.

-Одоо диплом удирдаж байгаа багшийнхаа талаар яриач?

-Манай багшийг Конуралп Эржиласун гэдэг. Багшийн бахархмаар зүйл гэвэл Туркт Эржиласун овогтой 4 том эрдэмтний гэр бүл байдаг. Тэр нь манай багшийн гэр бүл. Багшийн аав, эхнэр хоёр нь хэлний доктор, ээж нь түүхийн ухааны доктор. Эржиласун багш дипломын ажилд чин сэтгэлээсээ чиглүүлж, долоо хоног бүр уулзаж ярилцаж байгаа.

Зургийн тайлбар: О.Сувд-Эрдэнэ, багш Эржиласун

- Исламын ертөнцөд эмэгтэйчүүдийн эрх Монголын эзэнт гүрний үед хамгийн дээд цэгтээ хүрсэн-

-Дипломоо Ил хаант улсаар хийсэн гэсэн. Яагаад заавал Ил хаант улс гэж?

-Их сургуульд орж ирээд Судрын чуулган, Жувейнигийн дэлхийг байлдан дагуулагчийн түүх, Өлзийтийн түүх гэх мэт Монголын түүхэнд холбогдох чухал сурвалжуудтай танилцсан. Эдгээр түүхийн сурвалж Ил хаант улсын хаадын бодлогоор перс хэл дээр бичигдэж үлдсэн байдаг. Эдгээр сурвалжийг перс хэл дээр унших хүсэл Ил хаант улсыг судлах нэг шалтгаан болсон. Өөр нэг шалтгаан бол анх хоёрдугаар курст байхдаа Эрдэм шинжилгээний хуралд “Трабын бослого” гэдэг сэдвээр оролцсон. Энэ сэдэв Ил хаант улсын түүхийн нэг хэсэг. Тухайн үед судалгаа хийж байхад Хорезм, Хорасан, Мавераннахр зэрэг бүс нутгууд сонирхолтой санагдсан.

-Гадаадууд баримтат кино, нэвтрүүлэгтээ монголчуудыг сөргөөр харуулсан байдаг. Энэ талаар юу хэлэх вэ?

-Монголчуудын хүчирхэг байх үеийн түүхийг харахад эхлээд найрамдалтай байх санал тавьж элч илгээдэг. Хэрэв саналыг хүлээж авбал тухайн ард түмэн, улс орон, хотуудыг огтхон ч хөнддөггүй байсан. Саналыг хүлээж аваагүй улсуудтай шууд дайтдаг. Тухайн үед хөндөгдөөгүй үлдсэн улс орнуудын түүхчид Монголчуудыг сайнаар эсвэл бодит түүхийг дурсан бичсэн байдаг бол эзлэгдсэн орны түүхчид их харлуулж бичсэнээс гадна хэтрүүлэгтэй бичсэнээс тэгж харуулдаг байх.

XIII зууны монголчуудын бүх шашныг тэгш авч үзэх үзэл үнэхээр гайхалтай шүү. Жишээ нь, Чингис хааны дөрөв дэх хүү Толуй Бөөгийн шашинтай, хатан Сорхогтани Бэхи Христийн шашинтай, хүү Хүлэгү Буддын шашинтай байсан. Өөрөөр хэлбэл нэг гэр бүлд гурван өөр шашинтай байсан тохиолдол дэлхийд ховор байх шүү. Бас Монголын эзэнт гүрний үеийн Исламын ертөнцөд эмэгтэйчүүдийн эрх хамгийн дээд цэгтээ хүрсэн гэж судлаачид үздэг.

Зургийн тайлбар: БНТУ, Анкара Улс тунхагласны баяр Индеониз найзын хамт
Зургийн тайлбар: Ангийн турк, киргиз оюутны хамт

-Хамт сурч байгаа оюутнууд Монгол гэхээр юу гэж хүлээж авдаг вэ?

-Азербайжан, Иран, Ирак, Армян, Киргиз зэрэг олон улс орны залуустай хамт сурч байна. Монголоос ирсэн гэхээр “Чингис, Чингис хааны хүүхэд” гэдэг. Тухайн бүс нутаг нь Монголын Эзэнт гүрний үед сүйдсэн бол дурамжхан, сүйдээгүй бол энгийн хүлээж авдаг. Афганистаны оюутантай найз болсон. Тэр оюутан Чингис хаанд дуртай бүр хайртай гэж ярьдаг. Иран, Ирак оюутнууд Чингис хааныг мэдэхгүй хүн энэ дэлхий дээр байхгүй гэдэг. Харин Азербайжан оюутнуудын хувьд Чингис хаан, түүний байлдан дагуулалд таагүй байдлаар ханддаг. Туркууд бол Монгол гэхээр их дуртай хүлээж авдаг.

-Ярилцсанд баярлалаа. Судалгааны тань ажилд амжилт хүсье!

- Баярлалаа.

Битүүлэх ёсон хийгээд “ТАВГИЙН ИДЭЭ“ засах нь
Битүүлэх ёсон хийгээд “ТАВГИЙН ИДЭЭ“ засах нь
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.