Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Одонтуяа: Авлига, хулгайн хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүдийн асуудал шүүхээр эцэслэгдсэн тохиолдолд бид хариуцлагын асуудлыг ярих ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 10 секунд

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр өргөтгөсөн хэлбэрээр хуралдсан. Тэгвэл намын цаашдын үйл ажиллагааны талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас тодруулга мэдээлэл авлаа.

-Өнгөрсөн хугацаанд өрнөсөн намын дотоод асуудлууд Улсын Дээд шүүх АН-ын даргад Л.Гантөмөрийг бүртгэж авснаар эцэслэсэн гэж харж байна. Таны хувьд гишүүний хувьд намын бодлого шийдвэр, сөрөг хүчний дуу хоолой хэр хүчирхэгжиж байна гэж харж байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд бид зохион байгуулалттай, өмнө нь ажиллаж байсан шигээ хүчтэй байж чадсангүй. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бие бие рүүгээ дайрсан улс төрийн хэцүү үе байлаа. Өнөөдөр Дээд шүүх албан ёсоор намын даргыг бүртгэсэн учраас бид яаралтай ажилдаа орох ёстой болоод байна. Л.Гантөмөр дарга хурал дээр бидний гол анхаарч ажиллах ажил бол ядуурал гэдгийг онцоллоо. Энэ асуудал бол нэг намын асуудал биш болсон.

Ардчилсан тогтолцоо, улс орны эдийн засаг, бизнесийн эрх чөлөө, хүний эрх чөлөө зэрэг асуудлууд дээр Ардчилсан намын хүчтэй дуу хоолой үгүйлэгдсээр ирсэн. Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуулийг манай иргэд голж байна. Иргэн төвтэй иргэдийн хүсэж буй чиглэлд ажиллана.

-Ирэх оны сонгууль хаяанд тулчихлаа. Ардчилсан нам сонгуулиас өмнө дотоод асуудлаа шийдэх хүчтэй боллоо гэж иргэд харж байна. Нөгөө талаас иргэдийн улс төрийн итгэлийг олж авахын тулд юу хийх вэ?

-Манай нам хоорондоо эвтэй байхад хийх ажлаа хийчихдэг нам гэж хардаг. Яагаад гэвэл, 2012-2016 онуудад хамгийн их бүтээн байгуулалт хийсэн, иргэдийн асуудлыг хамгийн шийдэж байсан гэдгийг саяхны Хөгжлийн банкны сонсгол харууллаа. Бид яг тэр хуучных шигээ эв найртай ажиллаж чадвал болох байх.

-УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн хугацаанд нэлээн сул ажиллалаа гэж бүлгийн доторх гишүүд хэлж байна?

-Үүнтэй санал нэг байна. Даргын дэргэдэх хурал, Бүлгийн хурлаа манай нам нэг ч таслаагүй. Нам хэд хэд хуваагдчихаар бүлэг ч бас дагаад хуваагдчихдаг. Ямартай ч парламентийн үйл ажиллагааг тасралтгүй хангаад явсан. Сөрөг хүчний хүчтэй дуу хоолой гэдэг дээр төдийлөн сайн ажиллаж чадаагүй. Одоо энэ чиглэл рүү төвлөрч ажиллах хэрэгтэй. Энэ бол манай намд ч, улсад ч хэрэгтэй, дэлхийд ч хэрэгтэй. Яагаад гэвэл судалгаагаар, Монгол улс ардчилсан улс орноос хагас дарангуйллын улс руу гулгаж байгаа орны тоонд орчихсон. Иймээс маш хариуцлагатай ажиллах ёстой.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр Ардчилсан намын байр суурь ямар байгаа вэ?

-Одоо энэ асуудлыг нам, бүлэг дээрээ ярина. Ярих намтай боллоо шүү дээ. Өмнө нь хэд хэд хуваагдчихсан байсан ч гэсэн манай намын гишүүд сонгуулийн холимог тогтолцоог бүгд л дэмждэг байсан. Сонгуулийн холимог тогтолцоо, пропорцианаль тогтолцоо улс орны хөгжилд хэрэгтэй юм байна гэдэг зүйл ярьсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гээд байнга эрэмдэглээд байхыг ард иргэд сайшаахгүй байгаа. Гэхдээ хувь хүний хувьд парламентийн тогтолцоог улам сайжруулах, чадавхжуулах, төгөлдөржүүлэхэд шаардлагатай зарим өөрчлөлтийг хийх нь зүйтэй гэж үзэж байгаа.

-Нүүрсний хулгай болон Хөгжлийн банкны асуудлаар яллагдагчаар татагдаад буй хэд хэдэн гишүүд байгаа. Хоёр гишүүн нь бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт тавьчихлаа. Үлдсэн гишүүд ч байна. Энэ асуудлыг авч хэлэлцэх шаардлагатай гэдэг дээр нийгмийн шүүмж, хүлээлт байна. Их хурлын дэд даргын хувьд эл асуулалд яаж хандаж байна вэ?

-Эмэгтэй улс төрчийн хувьд, манай улсад юм руу туйлширдаг, шуурдаг зан байна. Нэг юм руу шуурахаараа тэр хүний эрхийг зөрчдөг, нийтээрээ дайсагнадаг, тухайн хүний юу хэлж байгааг сонсдоггүй. Ийм муухай тохиолдол өмнө ч зөндөө байсан. Энэ бол маш аюултай үзэгдэл. Тиймээс хэрэг хийгээгүй хүмүүсийг битгий хэлмэгдүүлээсэй гэж хүсэж байна. Бизнесийнхнийг дуудаад зовлон жаргалыг нь сонсохоос илүүтэй яллаад байсан. Энэ нь надад таалагдахгүй байгаа. Тийм учраас шүүх зөв шударга ажиллах ёстой. Үнэн зөвийг олох ёстой. Нэг айл, нэг компанийн ажил ч гэсэн улс төрийн шуурганд битгий өртөөсэй гэж хүсэж байна.

-Үнэхээр хэрэгт оролцсон нь тогтоогдоод, шүүх дээр шилжчихсэн байгаа гишүүдийн асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Үндсэн хуулинд хүний гэм буруутайг зөвхөн шүүх эцэслэн шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд бид ажиллах ёстой. Нөгөөтэйгүүр бусад орнуудын жишгээр шүүх дээр захиалгаар юм уу, хэлмэгдүүлсэн шийдвэр гардаг. Хэдийгээр шүүхийн шийдвэр гараад гэм буруутай нь тогтоогдсон ч энэ асуудалд ямар нэг хэлмэгдүүлэлт, захиалгат ажил битгий байгаасай л гэж хүсэж байна.

Э.Ариунтуяа

Г.Өнөрбаяр: Бүх төрлийн орлогоос НДШ авна гэдэг ойлголт огт байхгүй. Тийм жишиг дэлхийд ч байхгүй
Г.Өнөрбаяр: Бүх төрлийн орлогоос НДШ авна гэдэг ойлголт огт байхгүй. Тийм жишиг дэлхийд ч байхгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.