Өчигдрийн Засгийн газрын хуралдааны дараагаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Монгол орны 5.5 сая сүргийг энэ хавартаа багтааж бүгдийг нь ээмэгжүүлнэ гэж мэдэгдсэн юм. Ингэхдээ эл ажилд 13 тэрбум төгрөг зарцуулах аж.
Тэгвэл үхэр, хонь, малыг хянах зориулалттай чип олон улсын худалдааны ALIBABA.COM сайтад нэг бүрийн үнэ нь 1285 төгрөг бөгөөд 10 мянган ширхгээс дээш худалдан авахад 760.82 төгрөг болж хямдрах аж. Өөрөөр хэлбэл, 5.5 сая малыг ээмэгжүүлэхэд Алибабагаас 4.1 тэрбумаар авах боломжтой байтал ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун 13 тэрбум төгрөгөөр авна гэж мэдэгдсэн.
Ийнхүү эл асуудал яригдсаны дараагаар татвар төлөгчдийн мөнгөөр малчдын хувийн өмчийг ээмэгжүүлэх гэж байна гэж олон нийт шүүмжилж эхэлсэн юм. Х.Болорчулуун сайдын хувьд санхүүжилтийг гадны төслөөс болон хөдөө аж ахуйн биржийн орлогоос гаргана гэж мэдэгдсэн. Гэсэн хэдий ч энэ нь эргээд төсөвт өр болж суух асуудал.
Гэтэл ALIBABA.COM дахь худалдааны үнээр бодоход сайдын хэлснээс хэд дахин хямд өртгөөр хийх ажилд 13 тэрбум төгрөг зарцуулна гэж байгаад гол асуудал байгаа юм. Эл сайтад үүнээс ч хямд өртөг бүхий чипүүд ч байна. Иймд төсвийн мөнгийг энэ мэт байдлаар үр ашиггүй зарцуулдаг байдлыг таслан зогсооход анхаарал хандуулах шаардлагатай юм.