Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2023.02.07/ ШӨХТГ ажиллалаа. Тэрбээр Сар шинийн баяртай холбогдуулан үнийн зохиомол хөөргөдөл бий болж байгаа, зудын эрсдэл өндөр байгаа тул малын тэжээлийг дамлан худалдаалах явдал гарч болзошгүй, бараа бүтээгдэхүүний экспорт, импортын стандартыг ижил түвшинд аваачих тал дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Шадар сайд С.Амарсайхан "Үнэ тогтворжуулах нь чухал. Одоо хил гааль нээгдэж, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдсэн. Хөдөө орон нутагт махны нийлүүлэлт гайгүй байна. Хөдөө орон нутагт явж байхад нэг хонь өвлийн турш 40-50 мянгатай л байсан. Гэтэл одоо зах худалдааны төвд 500-600 мянгад хүрсэн гэх мэдээлэл байна. Үнэн бол ийм асуудал байж болохгүй. Сар шинийн баяртай холбогдуулан бараа бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүйгээр нэмж, иргэдийг хохироож болохгүй. ШӨХТГ-ынхан хүн хүчээ зөв хуваарилж, холбогдох аж ахуйн нэгжтэй холбогдож, бизнесийнхнийг аль болох дарамтлахгүй хамтын ажиллагааны хүрээнд үнэ тогтворжуулахад анхаарч ажиллаарай" гэлээ.
Мөн тэрбээр "Өвөлжилт хүнд байна. 11 аймаг, 160 гаруй сум хар болон цагаан зудтай байна. Малчид, тариаланчид хүнд нөхцөлд ажиллаж байна. Дээр нь малаа тэжээх үү, өөрийгөө тэжээх үү гэх сонголтод тулсан байна. Өвөлжилттэй холбоотой малын тэжээл, дотоод, гадаадын бараа бүтээгдхүүний үнэ үндэслэлгүйгээр нэмэгдэж болохгүй. ЗГ, УОК-оос өвс, малын тэжээл, хужирыг 50 хувиар хямдруулж өгч байна. Гэтэл нөгөө талд 150 хувь өсгөөд зарж байна. Ийм газар, хувь хүмүүст хатуу хариуцлага тооц. Стандартыг түвшнийг ижил тэнцүү байлга. Гадаад руу экспортолж байгаа бараа бүтээгдэхүүнд стандарт тохирлын үнэлгээний баталгаажуулалт хийгддэг. Гэтэл импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний 10 гаранхан хувьд батагаажуулалт хийж байна. Иймээс стандартыг эрх тэгш мөрдүүлэх хэрэгтэй байна" гэлээ.