Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Булгантуяа: СДМЭХ сайд, Засаг дарга хийж чадах, бодлого тодорхойлох олон эмэгтэйчүүдийг БЭЛДЭЖ ГАРГАХ ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 26 секунд

НАМЭХ өчигдөр хуралдаж, нэрээ Социал Демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо болгон өөрчилсөн. Улмаар холбооны Ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Х.Булгантуяаг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэр дэвшүүлж, нийт гишүүдийн 94.59 хувийн саналаар сонгогдсон юм.

Тэрбээр СДМЭХ-ны нийт гишүүдэд өөрийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан. Тодруулбал, хэлсэн үгэндээ "Эмэгтэйчүүдийн хувьд улс төрд орно гэдэг зүрх зоригтой болохын тулд маш их уддаг юм билээ. Би 2010 онд анх НАМЗХ-ны Удирдах Зөвлөлд орсноос хойш 10 жил болж байж, УИХ-д нэр дэвшиж болох юм байна гэдэг итгэл үнэмшилтэй болж байсан. Маш олон хүмүүс надад итгэж, дэмжиж, чи чадна гэж урам зориг өгдөг байсан. Тиймээс би цаашид эмэгтэйчүүдийнхээ асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай зүйлсийг судалж, мөрийн хөтөлбөртөө дараах зүйлсийг онцолж байна" гэлээ.

Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх

МАН-ын 30 дугаар Их хурлаас дэвшүүлэн гаргасан Хүний эрх, дэвшилтэд бодлогын хүрээнд Хүний эрх, түүний дотор эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн оролцоог дэмжих, хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд намын байгууллагын хувьд манлайлж ажиллах шаардлагатай байна. НАМЭХ-ны гишүүд, дэмжигчдийн идэвхийг нэмэгдүүлэх ажлыг хийх ёстой. Цар тахлаас шалтгаалан бид сүүлийн гурван жил заалнаас хурлаа хийж чадахгүй байсан.

МАН-ын эмэгтэй боловсон хүчнийг чадавхжуулах

Манайд намд өнөөдөр ямар ч салбарын сайд хийчих, аль ч аймгийн засаг дарга хийж чадах, бодлого тодорхойлох түвшинд ажиллаж чадах олон эмэгтэйчүүдийг бид өөрсдөө бэлдэж гаргаж ирэх ёстой.

Эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн асуудлаар хамтран ажиллах

Өнөөдөр нийгэмд тулгамдаж байгаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрхийн асуудлыг шийдвэрлэхэд ганц СДМЭХ ганцаардана. Өнөөдөр бидэнтэй адил ижил төстэй зорилготой нийгмийн эмэгтэйчүүдийн, хүүхдийн ТББ болон бусад бүхий л байгууллагуудтай бид нам үл харгалзан хамтран ажиллах ёстой. Мөн биднийг дэмжиж ажиллах маш олон Олон Улсын байгууллагууд бий.

Энэ бүгд миний хүсэл эрмэлзлээр гаргаж тавьсан зүйлс биш. Намайг НАМЭХ-ны гишүүнээр 2013 онд элсэж ороход Д.Оюунхорол Ерөнхийлөгчөөс авхуулаад Л.Цогзолмаа, Д.Сарангэрэл Ерөнхийлөгчийн үед ч гэсэн дэвшүүлж байсан мөрийн хөтөлбөр юм. Миний бие нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа холбооны мянга мянган гишүүдтэй уулзах үед тавьж байсан хүсэл зорилго юм" хэмээв.

Үүнээс гадна эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг хөндөхдөө тэрбээр аяхан бид УИХ-ын сонгуульд эмэгтэйчүүдийн квоттой болчих юмсан гэж боддог байсан. Гэтэл өнөөдөр УИХ, орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүдийн квоттой болчихсон. Тиймээс өнөөдөр бид намын удирдлагуудад эмэгтэйчүүдийнхээ квотыг нэмэгдүүлнэ гээд зоригтойгоор хэлж чадаж байгаа. Ийм таатай цаг үед бид улс төр хийх боломж бололцоо байна. Манай Д.Оюунхорол, Л.Цогзолмаа дарга сайн мэднэ. Квот гэж байхгүй байх үед нэгхэн мандат авч нэр дэвшихэд ямар хэцүү байсан билээ.

Өнөөдөр УИХ-д 13 эмэгтэй байгаа бол зарим цаг үед хоёрхон эмэгтэй байсан. Тиймээс энэ цагт бид эв нэгдэлтэй, үүрэг хариуцлагатайгаар ажиллах ёстой. 101 жилийн түүхтэй МАН-ын ялалт амжилтын нууц бол эв нэгдэл, үүрэг хариуцлага байсан гэж боддог. Иймд энэ түүхэн цаг дор бид бүгдээрээ эрхэм зорилго, эв нэгдлээр ялалт амжилтын төлөө хамтдаа зүтгэхийг СДМЭХ-ны нийт гишүүдээсээ хүсэж байна" гэж онцлон хэллээ.

Д.Сарангэрэл Х.Булгантуяад тамга тэмдгээ хүлээлгэн өглөө
Д.Сарангэрэл Х.Булгантуяад тамга тэмдгээ хүлээлгэн өглөө
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.