Сэтгүүлч Т.Шинэбаяр олон нийтийн сүлжээнд Шадар сайд С.Амарсайханы зарим шийдвэр, үйл ажиллагааг шүүмжилсний улмаас Шадар сайд С.Амарсайхан сэтгүүлч Т.Шинэбаярыг мөрдөн байцаах газраар шалгуулахаар өргөдөл, гомдол өгсөн байдаг.
Тэгвэл Сүхбаатар дүүргийн прокурорын газраас яллагдагч Т.Шинэбаярт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг шүүх тус өдөр хянан хэлэлцжээ.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх ...зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ...” гэж заасан.
Шүүх хэрэгт авагдсан баримттай танилцахад прокуророос яллагдагч Т.Шинэбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр татсан байна.
Түүнд эрх, үүргийн танилцуулан мэдүүлэг авч мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар яллагдагч “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх...” үүрэг хүлээдэг.
Иймд шүүх яллагдагч Т.Шинэбарыг “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор...” 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүх яллагдагчийн өмгөөлүүлэх эрхийг хангаж, хүсэлт хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулсан ба уг хугацаанд яллагдагч өмгөөлөгч сонгон аваагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаар “өмгөөлөгчгүй явуулж болохгүй” үндэслэлд уг санал хамаарахгүй байх тул шүүх саналыг яллагдагчийг оролцуулан хянан хэлэлцсэн байна.