Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаалаар томилогдсон ажлын хэсэг дүүргүүдийн нутаг дэвсгэрт инженерийн шугам сүлжээний ашиглалтын нөхцөл байдалд үзлэг шалгалтыг зохион байгуулж байна.Үзлэг шалгалтаар халиа дошин, хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх, ус зайлуулах шугам сүлжээний хэвийн ажиллагааг хангах арга хэмжээг авч, үүссэн нөхцөл байдлыг арилгах шуурхай зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж эхэлжээ.
Энэ хүрээнд зарим дүүргийн нутаг дэвсгэрт халиа дошин, мөстөх нөхцөл байдал үүссэнийг шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Тухайлбал Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо Сэлбэ голын дагуу мөсний халиа үүсэж тухайн орчинд амьдардаг 13 айл өрхийн хашаа руу хальж мөстсөн нөхцөл байдал үүссэн байна.
Дүүргийн Онцгой комиссоос шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн Онцгой байдлын хэлтэс, Геодези усны барилга байгууламж ОНӨААҮГ хамтран экскаватор, ачааны автомашин, мини автоачигч техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөсний халианы улмаас ус орж болзошгүй айлуудын хашаанд тулгаж шороон далан босгож иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллажээ.